Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс төрийн намуудыг нэгтгэв
2021 оны 10 сарын 10

“Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн таатай мэдээ дуулгаснаар дэлхийн дулаарал, цөлжилтийн гамшгийн эсрэг тэмцэж буй хүн төрөлхтөнд эерэг бөгөөд чухал мессэж өглөө.

Тэрбээр “Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт аравдугаар сарын 5-ны өдөр болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарив. Мөн Төрийн тэргүүн ойжуулалт, үрслэгээний газруудад ажилласан билээ. Тухайлбал, “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбоо Баянзүрх ууланд 5.32 га талбайд 1080 шинэс, 8440 хайлаас тарих төсөл хэрэгжүүлж байгаа юм. Мөн нарны эрчим хүч ашиглан модоо дуслын системээр, гар утаснаасаа удирдан усалж байгаа туршлагыг бусад аймаг, дүүрэг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна.

Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж төрийн болон төрийн бус байгууллагууд мод, ургамал тарих ажлыг эрчимтэй өрнүүлж буй юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид ангийнхаа байрлалд чацарганын 400 ширхэг мод суулгасан байна. Тус анги Налайх дүүргийг ногоожуулах, моджуулахад дэмжлэг үзүүлэхээр энэ сарын 4, 5-ны өдрүүдэд тус дүүргийн Цэнгэлдэх хүрээлэнд 500 гаруй мод тарихаар төлөвлөжээ. Мөн “Буянт үйлстэн” ТББ Туул голын дагуу нэг га талбайд төрөл бүрийн мод, дөрвөн га-д эмийн ургамал тарьж байна. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Төгөл” ХХК 50 га талбайд 20 гаруй төрлийн жимсний, гоёлын болон анхилам үнэртэй бут, сөөг, зүлэгний үр зэргийг тарьж, худалдахаас гадна бортгонд өсгөсөн том модыг суулгах үйлчилгээ үзүүлдэг байна.

Энэ мэтчилэн аймаг, сум, дүүрэг, хэсэг хороод, компани, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, мод суулгах, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулах үйлсэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аж ахуйн нэгжүүдийн хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцах үеэрээ “Уулнаас мод авчирч суулгах биш, харин үрслүүлж, арчилж тордож, ургуулах ёстой. Уул уурхайн томоохон аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, аймгууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн. 900 мянга гаруй өрх боломжийнхоо хэрээр үрслэгээ хийж хавар, намартаа мод тарьж, ургуулдаг байхын төлөө хичээх цаг ирлээ. Төр, хувийн хэвшил, иргэд хамтдаа зүтгэж байж өмнөө тавьсан зорилтынхоо ард гарна. Ирэх сард ойчдын Их хурал хийнэ. Ирэх өвөл бэлтгэлээ сайтар хангана“ гэж хэлсэн билээ.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн нь улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэсэн үйл явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.

Тодруулбал,  Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөлөл нэгдэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг дэмжиж, мод тарьцгаасан билээ. Өнгөрсөн он жилүүдэд улс төрийн намууд санаа нэгдэж, ийм гэгээн үйлс хийж байсан нь тун ховор юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр үг хэлэхдээ, улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, нэгдэн мод тарьж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гүн талархал илэрхийлснийг уламжилсан. Мөн мод тарих хөдөлгөөн эрчимтэй өрнөж, улс төрийн намууд нэгдэн нийлж мод тарьж байгаа нь үндэсний эв нэгдэлд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээхдээ “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” хэмээн хэлсэн билээ.

Нам, эвслүүд үүн дээр санаа, зорилго нэг байж, нэгдэх ёстой гэсэн байр сууриа тодотгож, дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн тэд “Монгол Улс хөгжиж буй орон. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хамгийн их хохирч байна. Жилдээ хоёр хэмээр дулаарч байна. Цаашид ирээдүйд амьдрах бидний үр хүүхдүүдийн амьдрах өртөг өсөхөөс эхлээд олон сөрөг тал бий болно. Тиймээс улс төржихгүй нэгдэх ганц сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах, мод тарих ажил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон туйлын чухал алхам болсон” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна.

Х.ИНДРА