УИХ: Оюутолгойтой холбоотой тогтоолын төслийг батлав
2021 оны 12 сарын 30

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Оюутолгой”-той холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:  

-Байнгын хорооноос “Оюутолгой” ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх гэж оруулахаар аж ахуйн нэгж учраас цаашид үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт татах, зээл авах зэрэг асуудал нь төсөл батлагдснаар хаалттай болох уу. Хэрэв ийм нөхцөлд “Оюутолгой” ХХК цаашид хэрхэн хөрөнгө оруулалт авч үйл ажиллагаа явуулах вэ?

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад хариулъя. Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой” ХХК анхны хөрөнгө оруулалт хийснээс хойш үйл ажиллагааны орлогоор дараагийн бүтээн байгуулалтаа хийх ёстой. 2010 оны ТЭЗҮ-гээр 5.1 тэрбумын хөрөнгө оруулалтын 11 тэрбумын зардал гарна гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, 5.1 тэрбумаас бусдыг нь үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх ёстой. Гэхдээ Засгийн газартай зөвшилцөж үйл ажиллагааны орлогоор 2000 онтой харьцуулахад үнийн зөрүүгээр энэ жил нэг тэрбумын орлого олж байна. Дансанд нь 600 сая ам.доллар байгаа. Гэтэл 1.4 тэрбум ам.доллараар далд уурхайг ашиглалтад оруулах шаардлагатай гэж байгаа юм. Уг нь нэг тэрбум нь байхад манайхан тэдний өмнөөс санаа зовоод байна. Өөр нэгэн боломж нь өр үүсгэхгүй байх саналыг авсан нь форвард гэрээ хийх, урьдчилгаа борлуулалт хийх энэ бүгдийг нээж байна. Ингэснээр борлуулалтаар тодорхой хэмжээний урьдчилсан гэрээ байгуулж, өр үүсгэж санхүүжилт хийх боломж нээгдэнэ. Хоёрдугаарт, үйл ажиллагааны орлого, гуравдугаарт, хувьцааны ханш өссөн тул төрийн санг нэмэгдүүлэх, хувьцааны санхүүжилт хийх нь нээлттэй. Ийм гурван боломж бий. Ер нь анхны гэрээгээр бол үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх юм билээ. Гэтэл Дубайн гэрээ гэж өндөр хэмжээний зээлүүд авснаас болж, 2023 онд авах ёстой ногдол ашиг 2037 он болж хойшилсон. Одоо гуравдагч этгээдийн зээлийн тухай яривал 2051 он болно. Нийт 4.3 тэрбум ам.доллар шаардлагатай. Монгол Улс үнийн өсөлтийн рояльти төлдөггүй учраас энэ жил нэг тэрбум ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл, 2020 онтой харьцуулахад борлуулалт нэг тэрбумаар илүү байгаа юм. Үнийн өсөлтөөс шалтгаалж байна.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Монголын ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу үгүй юу. Анхны хэлэлцээрт 2023 оноос хүртэх ёстой гэж байсан. Дубайн гэрээгээр хугацаанд өөрчлөлт орж 2037 он болсон гэсэн. Одоо Дубайн гэрээ хүчингүй болчихлоо. “Рио Тинто” компани “Оюутолгой”-н 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээр боллоо. Тэгэхээр бидний ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу?

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Ногдол ашиг хойшлуулсан асуудал бол Дубайн гэрээний 4.1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой шүү дээ. 2023 он байсныг 2037 он болгосон. Хэлэлцээрийн явцад 4.1 тэрбум ам.долларын зээлийн өрийг яах вэ гэдгээс л шалтгаална. Манайх ашиглаагүй гэж үзэн аудитын дүгнэлтээр зээлүүдээс тэглэх боломж гарвал ногдол ашиг хүртэх боломж нь наашилна.

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

-Зээл авахгүйгээр төслийг үргэлжлүүлэх гурван хувилбарыг хэллээ. Нэгдүгээрт, компанийн өөрийнх нь мөнгөн урсгалаар үйл ажиллагааг үргэлжлүүлэх тохиолдолд зэсийн үнэ өссөн энэ үед мөнгөн урсгал сайн байх нь ойлгомжтой. Уг нь бид өсөн нэмэгдэх рояалтиг хийснээр төгс болно. Одоогоор үнэ нь нэмэгдэх рояльти байхгүй, үнийн өсөлт байвал борлуулалт нэмэгдэж борлуулалтын орлогоор санхүүжилт хийж болох хувилбар байгаа юм. Гэтэл үнэ унавал яах вэ? Бидэнд Чалкогийн гашуун түүх бий. Хоёрдугаарт, бүтээгдэхүүний урьдчилгаа бол маш их үнэтэй шийдвэр. Чалкод 350 сая ам.долларын өрөнд орсон гашуун туршлага байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүнээ урьдчилж зарах уу аль эсвэл өөр хувилбар байх бололцоо бий юу. Гуравдугаарт, хувьцаа нэмж гаргаж болох ч хоёр талаас хувьцаа эзэмшигчдийн хувьцаа багасгавал зохицуулалтыг бүтэн олж харсан уу. 92 дугаар тогтоолоор хувилбарууд боловсруулах чиглэл өгсөн. Тэгэхээр хувилбаруудын харьцуулалт байна уу?

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Өөрөө 2023 он хүртэлх гэдгийг хараагүй бололтой. Наана чинь далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалт дотор гэж бий. Тэгэхээр хоёр жилийн л асуудал яригдаж байна. Энэ хугацаанд зэсийн үнэ унахгүй. Яагаад гэвэл, цахилгаан машины хэрэглээ өсч байна, нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа учраас зэсийн борлуулалтыг асар өндөр үнэд хүргэж байна. Бид олон улсын биржүүдийн санхүүгийн байгууллагуудын судалгаагаар зэсийн үнэ өндөр байна гэсэн тооцоо бий. Одоогоор ТЭЗҮ-гээр зэсийн  үнийг нэг тонныг 4500-аар тооцсон. Л.Энх-Амгалан гишүүний хэлдэг нь үнэн. Одоогийн нөхцөлд асар өндөр ашгаа зээл рүү шилжүүлчхээд байна. Өмнө нь 2013, 2014 онд нэг тэрбум ам.долларын олсон ашгаа хувьцаа нийлүүлэгчийн 980 сая ам.долларын зээлийг төлсөн. Гэтэл 500 сая ам.доллараар далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх ёстой атал хашрууд 500 сая ам.долларыг зээлийн төлбөр болгон хувиргасан. Одоо дахиад энэ түүхийг давтах гэж байна. Олсон ашгаа зээлийн төлбөр болгосноор ногдол ашиг 2050 он болж хойшлохоор байна. Бүтээгдэхүүний урьдчилгааны тухайд, одоо бидний авч буй 6.5 нэмэгдэхээс өндөр өртөгтэй байж чадахгүй. Энэ нь улирал тутамд тооцож байгаа, өндөр торгуультай. Ер нь зэсийн үнэ өндөр учраас бүтээгдэхүүний урьдчилгаа өгөх санал их байна. Зэс бол стратегийн бүтээгдэхүүн. Үүний дотор алт ч багтана. Зөвхөн зэсийн үнэ төдийгүй алтны үнэ ч өндөр байгаа. Гадаадын дуу хоолой нь болж болохгүй. Хэлэлцээрүүд амжилттай болбол жижиг хувьцаа эзэмшигчдийн итгэл ч бас сэргэнэ. Яагаад гэвэл, орлого олж буй голлох компаниа өрийн далайд живүүлэхэд жижиг хувьцаа эзэмшигчид төдийгүй бид ч ногдол ашиг олж чадахгүй. Өнгөрсөн хугацаанд 4.1 тэрбум ам.долларын зээл авсан. Гэтэл 5.8 тэрбум ам.долларын зээл, зээлийн хүүг төлсөн байгаа юм. Тэгэхээр “Оюутолгой” ХХК 4.1 тэрбумаар хөрөнгө оруулалт хийх боломжтой байсан. Зээл төлөгч болгож байгааг юунд нь дэмжиж, гадаадын талд үйлчилж байгаа юм. Монголд төрж өссөн бол ард түмний төлөө байх ёстой.

Тогтоолын төслийг эцэслэн баталсны дарааУИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр,

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж нийт 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Түр хороо байгуулагдсан цагаасаа 11 удаа хуралдсан бөгөөд Засгийн газарт нийт дөрвөн удаа чиглэл өгч ажилласан. Түр хороо “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийн нөхцөлүүдийг тохирох, эцэслэсэн хувилбаруудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан амжилттай хамтран ажилласан гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батжаргал, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-“Оюутолгой” 2009 оноос хойш шүүмжлэл дагуулсан нь үнэн. Попорч байгаад нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий. Нөгөө талд хүлээж авахгүй бол яах вэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Өнөөдрийн тогтоол гарч байгаа нь тухайн үед эрх баригчдын алдааг засах зорилготой. Тиймээс “Эрдэнэт” шиг рояльти авахгүй. Цаашид рояльти авах ёстой. Дубайн гэрээ гэж ярьж байгаа ч үнэндээ Улаанбаатарын гэрээ. Дубайн гэрээний дараа УИХ-ын чуулганаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг хүрээгүй. Хэрэв бид огцруулсан бол ийм асуудал яригдахгүй байлаа. Попорч байна гэж хэлсэн УИХ-ын гишүүд гарын үсгээ харамласан шүү дээ. Ногдол ашгийг 2037 он гэж яригдаж байгаа ч 2047 он юм билээ шүү. Сангийн сайдаа хэзээ ч ашиг авахааргүй зүйл хийсэн. Тэгэхээр үнэн үг хэлсэндээ попорсон юм биш, үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ. Монгол Улс хүлцэнгүй хонь шиг байж болохгүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА