Г.Занданшатар: Парламентад сөрөг хүчин үгүй бол ард түмэн сөрөг хүчин болж байна
2022 оны 6 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Ардчилсан намыг дотоод асуудлаа шийдвэрлэж, зохион байгуулалтад орж ажиллахыг хүслээ.

Тэрбээр “Парламентад сөрөг хүчингүй болохоор ард түмэн сөрөг хүчин болоод байна. УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуулийн хоёрдугаар зүйл, зарчимд нийцсэн бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэж, олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийднэ гэж суулгасан байдаг.

Бид Үндсэн хуулин дээр гараа тавьж, төрийн сүлдэндээ тангараг өргөж, монгол төрийн далбаанд мөргөсөн монгол төрийн төлөөлөгчид. Тиймээс ардчилсан намынхнаасаа хичээнгүйлэн хүсэх зүйл байна.

Энд улс орны язгуур эрх ашиг яригдаж байна. Ийм учраас улс орны язгуур эрх ашгийн үүднээс парламент нь аливаа асуудлыг олон ургальч үзлээр үзэл бодлоо чөлөөтэй хэлэлцэхийн тулд сөрөг хүчин зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Цэрэггүй жанжин байж болохгүй. Бид нэгдэж байж парламентаа төлөвшүүлэх хэрэгтэй байна.

Тэгэхгүй бол ард түмэн чинь сөрөг хүчин болно. Парламентын зарчим цөөнхөө хүндэтгэх байдаг. Олон үзэл бодол, олон ургалч байдлаар чөлөөтэй хэлэлцэнэ, олонхын саналаар шийднэ. Энэ бол ардчиллын зарчим. Тийм болохоор Ардчилсан намынхнаасаа чин сэтгэлээсээ хүсмээр байна. Хуваагдаж хэрэггүй, жижиг эрх ашиг, амбицаа хойш нь тавьж, намаа, намын бүлгээ нэгтгэж, ард түмэн, Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө асуудлаа шийдэхийг хүсэж байна” гэлээ.

Х.ИНДРА