Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийнэ
2014 оны 3 сарын 10

eeeeeЭрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр “Бүтээн байгуулалт цаг” уулзалтад оролцож, 2014 онд хийх ажлаа танилцууллаа.  Сайд өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт хийсэн ажил болон энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар тайлагнан мэдээлсэн юм.

Эрүүл мэндийн салбар өнгөрсөн жил “Эрүүл чийрэг Монгол хүн” уриаг дэвшүүлэн ажилласан бол 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих  жил” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлээд байгаа аж.  Энэ хүрээнд зохион байгуулах хороо байгуулж, долоо хоног бүр хуралдан,  тулгамдсан асуудлуудаа ярилцаж байгаа гэнэ.  Мөн  Эх, хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор 2014 оны 4-р сарын 1-нээс эхлэн Эрүүл мэндийн сайдын улсын үзлэгийг зохион байгуулах юм байна.

2014 оны эхний хоёр сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 29 хувь, тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл 19 хувь хүртэл /өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад/ буурсан үзүүлэлттэй байгаа аж. 2014 онд Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авах тооцоо гарч байгаа  учраас эрүүл мэндийн салбарынхан эх, хүүхдийн эрүүл мэндэд илүүтэй анхаарч, эндэгдлийг бууруулахаар зорилго тавьж, эрүүл мэндийн салбарынхан бүх хүч бололцоо, хөрөнгө нөөцөө дайчлан ажиллана гэдгийг сайд онцлон хэллээ.

2013 онд сүүлийн 23 жилд анх удаа тохиосон хүн амын өсөлттэй харьцуулахад өсөлтийн оргил үе  байсныг  Эрүүл мэндийн сайд онцлоод, хүн амын өсөлтөд эрүүл мэндийн салбар, тэр дундаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тодорхой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ.

Мөн зайны оношлогооны төхөөрөмжинд бүх аймаг, харьяа эрүүл мэндийн байгууллагуудыг холбон өдөр тутмын үйл ажиллагаандаа зайн оношлогооны технологийг нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбарын  үйл ажиллагааны өдөр тутмын хэрэгцээ болж чадсан. Энэхүү төхөөрөмжийг ашиглан өнөөдөр эрүүл мэндийн салбарт өвчин эмгэгийг зайнаас оношлох, эмчлэх, хөдөө  орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтуудыг явуулсны үр дүнд зайны оношлогооны технологи үр дүнгээ өгч байгаа гэнэ.

Хөдөө орон нутгийн иргэд оношлогоо хийлгэхээр нийслэл хотыг зорьдог урсгалыг зогсоож, орон нутгийн иргэд  өөрийн оршин сууж буй аймагтаа эмчилгээ оношлоог хийлгэдэг болжээ. Одоогоор 11 аймгийн төвд 16 зүслэг бүхий хүчин чадалтай компьютер томографийн аппарат, дижитал, рентнен аппарат, лабораторийн болон дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр,  шүдний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж “Оношлогооны төв”-ийг  байгуулжээ.

ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэгдүгээр сард Удамзүйн лаборатори шинээр ашиглалтад орсноор ургийн гажиг, генийн өөрчлөлтийг эхийн хэвлийд нь оношлох боломжтой болжээ. 2014 оны эхний хоёр сарын байдлаар нийт 11 төрлийн 85 гажиг хүүхэд төржээ. Ургийн гажигтай хүүхдүүдийн 50,6 хувь нь орон нутагт, 49,4 хувь нь нийслэлд төрсөн байна. Ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд оношилж, эмчлэгдэх боломжгүй эмгэгтэй тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог юм байна.

Эрүүл мэндийн салбарт хамгийн их шүүмжлэл дагуулдаг эмч, эмнэлгийн ажилтнуудын зан харилцаа, ёс зүйн асуудал байдаг. ЭМЯ-наас энэхүү хүнд суртал, мэргэжлийн алдааг бууруулах зорилгоор “ Өөрийгөө үнэлж, өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хяналтын видео камерийг эмнэлгийн хүлээн авах, төрөх, мэс засал, сэхээн амьдруулах тасгуудад байрлуулснаар эмч, ажилчид өөрөө, өөрсдийгөө үнэлэн хянах, цаашид хэрхэн яаж өөрийгөө хөгжүүлэх чиглэлийг олж авснаар эмнэлгийн үйлчилгээний чанар, соёл сайжирна гэж үзжээ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байгаа албан бус төлбөрийг бууруулах талаар судалгаа хийж, эрүүл мэндийн салбарт одоо байгаа 41 хувийн албан бус төлбөрийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 25 хувьд хүргэж бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, дутуу санхүүжигдэж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь тарифийг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны эрүүл мэндийн төсвийг 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлуулжээ. Мөн өндөр өртөгтэй зарим мэс заслын үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгслийн зохих хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд 9 тэрбум төгрөг шаардпагатай байгааг төсөвт тусгуулах арга хэмжээ авч ажиллана гэв.

Монгол Улсад оношилж, эмчилж чадахгүй байгаа 33 төрлийн өвчний жагсаалт байдаг аж. Эх орондоо оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчин эмгэгийг оношилж эмчилж иргэдийн зардал чирэгдлийг бууруулж, эрүүл мэндийн аюулгүй байдлыг нь хангах ажлыг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлахаас гадна  гадаадаас өндөр нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний багийг ажиллуулах гэсэн хоёр чиглэлээр асуудлыг шийдэх зорилго тавьж ажиллаж байгаа аж.

ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарт “ Эрүүл мэндийн довтолгоо”-г явуулна гэдгийг сайд онцлон хэллээ. Эрүүл мэндийн эрчимтэй шинэчлэлийн бодлогын цөм нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх явдал юм. Үүний тулд “Эрүүл мэндийн довтолгоо” аяныг эхлүүлэхээр болжээ.

Манай улсад цусны даралт ихсэх, багадах өвчлөл маш их байдаг. Иймд бүх нийтэд цусны даралтын боловсрол олгож, “гэртээ цус харвадаггүй улс” болох их ажлыг эхүүлэх юм байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг цусны даралтыг хэмжих төхөөрөмжтэй болгуулж, цусны даралтыг хэрхэн хянах, ямар үед хэн, яаж туслах талаар мэдээллийг олгож, эрсдэлийг бууруулж, хүндрэлээс бүрэн сэргийлэх ажлуудыг дэс дараатайгаар хэрэгжүүлэх аж. Мөн элэгний хорт хавдрыг илрүүлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг үндэсний түвшинд хийх ажлыг эхлүүлэх юм байна.

Мөн өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт 18 барилга шинээр ашиглалтад оруулсан бөгөөд энэ онд эмнэлгийн зориулалтын 32 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Үүний нэгд Баянзүрх дүүргийн нутагт байрлах 150 ортой төрөх эмнэлэг багтжээ.

Монголчууд эх орондоо эмчлэгдэх боломжгүй өвчнийг эмчлүүлэхээр, эсвэл өөрсдийн сонголтоор гадны улсыг зорьдог. Эрүүл мэндийн яамнаас энэ жил Монголдоо эмчлэх боломжтой өвчнийг оношилж, эмчлэх боломжийг судлан шийдвэрлэхээр ажиллаж буйг Эрүүл мэндийн  сайд Н.Удвал мөн онцоллоо.

Монгол оронд оношилж, эмчилж чадахгүйн улмаас гадаадад эмнэлгийн тусламж авахаар хүлээж байгаа болон авч чадахгүй байгаа хүмүүсийг бүртгэх судалгааг ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцооны судалгааны албанаас 2014 оны 3 дугаар сар 10-ны өдрөөс эхлэн онлайнаар болон утсаар авах юм байна.

                         Мэдээлэл авах цахим хаяг: www.chd.moh.mn

                         Харилцах утас: 70128807а. 93137804. 98648801

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.