“Алтан чагнуур”-ын эздийг тодруулна
2014 оны 3 сарын 26

ZZZZZZZZZZZZZZZZZZZZZZZZZZЭрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” ёслолын талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, төлөөлөгч С.Туяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн А.Бархас нар оролцсон юм.

Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Алтан чагнуур” ёслол уламжлал ёсоор гуравдугаар сарын 30-ны 14.00 цагт Соёлын төв өргөөнд болох аж.

Уг шагнал нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой юм.

“Алтан чагнуур” шагналд нийслэлийн болон хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгуллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах  ажээ. Энэхүү үйл ажиллагааны зохион байгуулагчаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран ажиллаж байгаа юм.

Хэвлэлийн бага хурлын зохион байгуулагчдын зүгээс “Алтан чагнуур” ёслолоос гадна өөр нэгэн мэдээлэл өгсөн нь эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын цалинтай холбоотой асуудал байлаа.

Эрүүл мэндийн салбарын 2014-2016 оны хамтын хэлэлцээрт эмч нарын цалингийн дээд хэмжээг дээрх хугацаанд гурван сая төгрөгт хүргэх асуудлыг  үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас санаачлан гурван тал харилцан тохирч тусгасан ч Хөдөлмөрийн яам энэ заалтыг зөвшөөрөхгүй хэмээн хариу ирүүлсэн байна. Хуулийн хугацаанд хэлэлцээрийг бүртгэхгүй байгаа нь  хууль зөрчсөн үйлдэл гэж Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон үзэж байгаа аж. Судалгаанаас үзэхэд  эмч нарын хөдөлмөрийн үнэлгээг цалинтай хурьцуулахад 2,7 сая төгрөгт хүрч байна гэлээ. Ажлын ачаалал ихтэй, хариуцлага өндөртэй эмч нарын төлөө Эрүүл мэндийн яам, ажил олгогч нар нь дэмжээд салбараараа хамтраад ажиллах гэхээр Хөдөлмөрийн яам нь зөвшөөрөхгүй байгаа нь эмч хүний хөдөлмөрийг төр засгаас үнэлэхгүй байна гэж эрүүл мэндийн салбарынхан байр сууриа илэрхийлсэн юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.