“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах цогц менежмент” зохицуулагчдыг бэлтгэх уулзалт зохион байгуулагдлаа.
2014 оны 10 сарын 13
мьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний тархалт (чихрийн шижин, зүрх судасны өвчин,хорт хавдар) халдварт өвчнүүдтэй харьцуулахад дэлхийн нийтийн хэмжээнд асар хурдацтай нэмэгдэж, улс орон бүрийн нийгэм эдийн засгийн хөгжил, сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээгээр зүрх судасны өвчнүүд, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нь хүн амын өвчлөлийн 43%, нас баралтын шалтгааны 60%-ийг эзэлж байгаа бөгөөд, 2020 он гэхэд өвчлөлийн 60%, нас баралтын 73%-ийг эзлэх магадлалтай гэж тооцоолж байна.
Хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байна. Эдгээр эрсдэлт хүчин зүйлийг бууруулж чадвал зүрх судасны өвчнийг 80%, чихрийн шижинг 90%, хорт хавдрын тохиолдлыг 30%-иар бууруулах боломжтойг ДЭМБ тооцоолсон байна.ХБӨ–ий эрсдэлт хүчин зүйлсийн тархалт манай оронд 2005 оноос хойш тасралтгүй нэмэгдэж байгаа нь халдварт бус өвчлөл, нас баралт буурахгүй байхад нөлөөлж байна. 2013 оны судалгааны /халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа-Монгол улс, 2013/ дүнгээр манай хүн амын 54% нь илүүдэл жинтэй, 27% нь тамхи татдаг, 36% нь архи хэрэглэдэг, жимс ногооны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөж буй хэмжээнээс 5 дахин бага, давсны хэрэглээ 2 дахин их байгаа нь тогтоогдсон. Энэ нь хүн амын 27% нь цусны даралт ихсэлттэй, 8%нь цусны сахарын өөрчлөлттэй байхад шууд нөлөөлж байна гэх үндэслэлтэй. Иймд, амьдралын буруу хэвшлийг өөрчлөх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах замаар ХБӨ–өөс сэргийлэхэд хувь хүн, гэр бүл, хамт олны дунд эрүүл аж төрөхзан үйлийг төлөвшүүлэх,мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургах, дадлагажуулах зайлшгүй шаардлагатай байна. Иймээс “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах цогц менежмент”зохицуулагчдыг бэлтгэхуулзалтыг ДЭМБ-ын санхүүжилтээр дүүргийн ЭМТ-ийн НЭМО дарга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, сургалтын арга зүйч, менежерүүдэд зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд ДЭМБ, НЭМҮТ, НЭМГ-ын холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Хариулт үлдээх

Your email address will not be published.