Эмгэнэл
2019 оны 10 сарын 17

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Лхамжавын Цэрэн-Очир удтал хүндээр өвдөж байгаад 2019 оны 10 сарын 15-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын сэтгүүлзүйн салбарт хүнд гарз тохиолоо.

Л.Цэрэн-Очир 1950 онд Архангай аймгийн Ихтамир суманд төрж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн байна. Улаанбаатар хотноо Нийслэлийн арван жилийн 12 -р дунд сургуулийг  1968 онд  төгсчээ. 1969 онд  ардын цэргийн  албанд дайчлагдан хугацаат цэргийн  албан хаагч, байлдагч, бага дарга, 1971 оноос офицерын албан тушаалд дэвшин томилогдож идэр  залуухан насандаа  ажил хөдөлмөрийнхөө гарааг  эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд зориулж   эхэлжээ.

Сэтгүүлч Л.Цэрэн-Очир 1990 оноос чөлөөт сэтгүүлчийн нэн бэрхшээлтэй, үнэний төлөөх сорилттой цаг хурам бүрт нүүр тулан учирдаг “Эрэн сурвалжлагч”-ийн  хөдөлмөрт сурч мэдсэн бүхнээ зориулж, Монголын анхны чөлөөт хэвлэл “АРДЧИЛАЛ”, “Ил товчоо”, “Өнөөдрийн тойм”, “Ардчилал таймс” сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгч, эрхлэгчээр 30 шахам жил тасралтгүй  ажилласан нэртэй сэтгүүлч байлаа.

2012-2014 оны хооронд МҮОНР-ийн  захирлаар томилогдон ажиллахдаа улс төр , нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, гадаад харилцаа,  зэвсэгт хүчин,  холбоо харилцаа, зам тээвэр,  мал аж ахуй, газар тариалан,  хууль шүүх эрх мэдлийн, бизнесийн салбарын мэдээ, мэдээллийг улс орон даяар түгээж дэлгэрүүлэх, хүн ардаа соён гэгээрүүлэх  их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн билээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас  өндрөөр  үнэлж, “Цэргийн хүндэт медаль”, “Ардын Армийн 50 жилийн ойн медаль”, “Зэвсэгт хүчний 60 жилийн ойн хүндэт медаль”, “Дайчин алдар хоёрдугаар зэргийн  медаль”,  “ЗХУ-ийн Зэвсэгт хүчний Гвардийн медаль”,  “Чехословак улсын Зэвсэгт хүчний  хүндэт медаль”, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, “Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль”,  “Ардчилсан хувьсгалын  Эрх чөлөөний одон”,  төрийн дээд шагнал “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Монгол Улсын  Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.

Талийгаач Л.Цэрэн-Очир богинохон хугацаанд бидэнтэй хамт ажиллаж, Монголын радиог удирдахдаа аливаад чин сэтгэлээсээ хандахын үлгэр дууриал болсон хүн байв. Тэрбээр хүний төлөө, үнэний төлөө өөрийгөө умартаж, байгаа  бүхнээ бусдад зориулдаг хүнлэг ариун сэтгэлтэй, эгэл энгийн зан чанартай сайхан эр хүн байлаа.

Талийгаачийн хичээнгүй тууштай чанар, халуун дулаан сэтгэл, нөхөрлөлийн үнэ цэнийг ямагт өргөдөг сайхан зан, үлгэр дууриал нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Та алтан дэлхийн хөрснөө тайван нойрс доо.

МҮОНРТ-ийн хамт олон

Хариулт үлдээх

Your email address will not be published.