Г.Балжмаа: МСНЭ-ийг харлуулах акц зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байгаа нь маш ноцтой
2019 оны 10 сарын 20

Нэр бүхий хүмүүс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн 17-р Их хурлыг хууль бусаар зохион байгуулсан, мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг эрүүгийн хэрэгт холбогдсон гэх мэдээллийг сошл орчинд түгээж байгаатай холбогдуулан МСНЭ-ийн Хуульч Г.Балжмаатай ярилцлаа.


-Сүүлийн үед МСНЭ-тэй холбоотой таагүй мэдээлэл цацагдах боллоо. Энэ мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байх шиг харагдах юм. Таны хувьд өрнөж буй үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийдөө МСНЭ-ийг тойрсон хэл ам, дуулиан олон нийтийн сүлжээгээр их явж байна. Энэ байгууллагыг урд өмнө нь гишүүд дэмжигчид, хэвлэл мэдээллийн салбарынхнаас бусад нь төдийлөн мэддэггүй байсан бол  сүүлийн үед нийгэм, олон нийт мэддэг болсон. Бүр тодруулбал, 2018 оны хоёрдугаар сард болсон 17-р Их хурлаас сонгогдсон шинэ баг, шинэ Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор тус байгууллагын тухай сонирхдог, мэдээлэл авдаг, үнэлэлт дүгнэлт өгдөг болжээ. Энэ нь муу зүйл биш. Шинэ баг зоригтой үйл ажиллагаа явуулж байна, ажил нь олон нийтэд хүрч, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх ашгийн төлөөх ажлууд урагшилж байна гэж хардаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд шударга байх ёстой, хараат бус, хариуцлагатай байх ёстой. Энэ хүрээнд ажиллах, хууль эрхзүйн орчин бий болгох талаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч тодорхой шийдэл бүхий ажлыг хийж байна. Сэтгүүл зүйн салбар шударга, эрүүл байхыг салбарынхан болон иргэд, олон нийтийн зүгээс дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талаас эсрэгээрээ хөлс мөнгө хардаг хэсэг бүлэг хүмүүс гарч ирж байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрийн эрхшээлд байлгах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэл ч байгаа. Энэ хүмүүст хариуцлагатай сэтгүүлзүй таалагдахгүй байгаа. Ингээд эсрэг тэсрэг байр суурь бий болсон нь нийгмийн анхаарлыг татаж байгаа юм. Хоёрдугаар асуудал гэвэл, Х.Мандахбаяр гэдэг хүн сэтгүүлчийнхээ хувьд нийгмийн хариуцлагын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Тухайлбал, нийгэмд хамгийн тод томруун харагдаж байгаа нь хариуцлагатай уул уурхай. Нийгэмд байгаа асуудал бүхэнд хамгийн түрүүнд сэтгүүлч очдог. Үнэн бодит мэдээллийг хүргэхийг хичээдэг. Тэгвэл өнөөдөр улс оронд тулгамдаж буй хариуцлагагүй уул уурхайн асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч зоригтой дуугарч, үүний үр дүнд төр засгаас шударга шийдвэр гарч, иргэдийн амьдралд, уул уурхайн хариуцлагатай байдалд, байгаль хамгаалах үйлсэд бодитой эерэг үр дүн гарч байна. Эсрэгээрээ яг энэ үйл явц нь тодорхой хүмүүс, бүлэглэлийн эрх ашгийг хөндөөд эхэлсэн. Ингэхээр Эвлэлийн удирдлага, Удирдах зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэх, харлуулах, зогсоох гэсэн акцууд хийгдэж, Х.Мандахбаяр гэдэг хүнийг харлуулах, огцруулах үйл явц болж хувирлаа. Энэ нь эхэндээ ганц нэг хүний үзэл бодлоор илэрч байсан бол сүүлдээ улс төрийн захиалгатай, зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байгаа нь маш ноцтой.

-Өнгөрөгч онд болсон МСНЭ-ийн 17-р Их хурлыг хууль бус болсон гэх мэдээллийг нэр бүхий хүмүүс өгч байна. Энэ хурал үнэхээр хууль бус болсон юм уу, үгүй юм уу?

-МСНЭ дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг. МСНЭ-ийн 16-р Их хурал 2015 оны нэгдүгээр сард хуралдсан. Тэгвэл 17-р Их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-нд хуралдсан. Тодруулбал, сонгуулийн бүрэн эрхийн хугацааныхаа дөрөв дэх жил дуусаад хуралдсан байна.  Зарим нэг сэтгүүлч 17-р Их хурлыг хууль бус хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориуд мушгин гуйвуулж мэдээлж байгаа. Тухайлбал, МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч асан С.Шаравдорж нар ийм мэдэгдэл хийсэн. Тэд Их хурлыг буруутгахдаа хоёр өнцгөөс буруутгаж байгаа. Нэгдүгээрт, одоогийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Эвлэлийн их хурлыг өөрөө зохион байгуулаад, өөрийн эрх ашигт нийцсэн хүмүүсийг төлөөлөгчөөр сонгоод энэ хурлаас хууль бусаар сонгогдсон гэж улайн цайм худал мэдээлэл түгээдэг.

Тэгэхээр 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хуралдуулах шийдвэр гаргах үед Х.Мандахбаяр гэдэг хүн удирдлагын багт байдаггүй, хамааралгүй байсан. Яасан бэ гэхээр, энэ Их хурлыг хийх шийдвэрийг 2017, 2018 онд болсон тухайн үеийн Удирдах зөвлөлийн удаа дараагийн хурлаас гаргасан байдаг. Энэ Удирдах зөвлөлд өнөөдөр мэдээлэл хийж яваа С.Шаравдорж гуай өөрөө багтсан байдаг. МСНЭ-ийн тухайн үеийн дүрэмд Их хурлыг товлох, хуралдуулах эрхийг Удирдах зөвлөлд өгсөн байжээ. Тухайн үед Удирдах зөвлөл 10 гишүүнтэй байсан. Гишүүдийн олонх буюу 6-гаас дээш гишүүн оролцож байж хурал хүчин төгөлдөр болно. Хуралд оролцсон гишүүдээс ердийн олонхын санал авсан нь хүчин төгөлдөр болдог дүрэмтэй байсан. Тэгвэл МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурал 2017 оны дөрөвдүгээр улиралд хоёр удаа хуралдаж, Их хурлын товыг тогтоох асуудал ярьсан. Яг энэ хуралд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Шаравдорж өөрөө оролцоод Их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэдэг саналаа хэлээд, 2018 ондоо Их хурал хийх шийдвэрийг хамтын зарчмаар гаргасан байдаг. Энэ шийдвэрийг гаргах Удирдах зөвлөлийн хуралд зургаан хүн оролцож, албан ёсоор шийдвэрлэсэн. Тэгэхээр, нэгдүгээрт  үүнд ямар ч хууль бус зүйл байхгүй гэдэг нь харагдаж байна. Хоёрдугаарт, энэ Х.Мандахбаяр гэдэг хүн ямар ч хамааралгүй, МСНЭ-ийн жирийн гишүүдийн нэг байсан. Энэ хүнд Удирдах зөвлөлийн хуралд оролцох, шийдвэрт нөлөөлөх ямар ч боломж байгаагүй. Ер нь нарийндаа ярьвал, МСНЭ-ийн Их хурлыг хоёрдугаар сард багтаан хуралдуулах саналыг С.Шаравдорж нарын хүмүүс санаачилж, Удирдах зөвлөлд оруулж ирсэн юм билээ.

-Их хуралд хэдэн төлөөлөгч оролцож, хэрхэн шийдвэр гаргасан юм бэ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдсон нь өнөөдөр маргаан дагуулж байна шүү дээ?

-МСНЭ-ийн 17 дугаар Их хуралд 305 гишүүн оролцохоор мандатын тоо гарсан. Их хуралд оролцох төлөөлөгчдийг яаж сонгох, мандат олгох зэрэг асуудлыг дүрмийн дагуу тухайн үеийн Удирдах зөвлөл баталсан. Энэ дүрмийг С.Шаравдорж гуай өөрөө оролцож баталсан юм шүү. Их хурлын үйл ажиллагаа ямар тохиолдолд хүчин төгөлдөр байдаг гэхээр “Нийт оролцсон гишүүдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно” гэсэн заалт бий. Нийт 305 мандатаас 232 төлөөлөгч Их хуралд биечлэн хүрэлцэн ирж, мандат нь хүчин төгөлдөр болж, дүрмийн дагуу Их хурал зохион байгуулагдсан. Их хуралд төлөөлөгчдийн 80 орчим хувь нь оролцсон гэсэн үг. Иймд Их хурлын ирц хүрсэн эсэх, шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд ямар ч асуудал байхгүй. Дараагийн асуудлыг яръя. Их хурал хэлэлцэж буй асуудлын талаар санал хурааж, төлөөлөгчдийн ердийн олонхын саналаар шийднэ гэсэн заалт бий. Их хуралд оролцсон 232 төлөөлөгчөөс 189 нь МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд санал өгч, тэрхүү санал хураалтаар Х.Мандахбаяр 87,5 хувийн санал авч сонгогдсон. Тиймээс бодит байдлыг мушгин гуйвуулж, МСНЭ-ийн Их хурлын талаар илт худал, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацахаа зогсоохыг холбогдох нөхдүүдээс шаардаж байна.

-Мэдээлэл хийгээд байгаа С.Шаравдорж гэдэг хүн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг шүүхэд өгсөн юм уу. Яг ямар утгатай нэхэмжлэл өгсөн тухай тодруулахгүй юу?

-Нэр дурдъя. МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо гэх ТББ-ын тэргүүн С.Шаравдорж нар нь дээр дурдсан үндэслэл буюу МСНЭ-ийн 17-р Их хурлыг хууль бус болсон, хууль бус Их хурлаас Х.Мандахбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэдэг утгаар нэхэмжлэл гаргасан гэж мэдээлсэн. Гэхдээ МСНЭ-ийн нэр дээр Монгол Улсын хэмжээнд байгаа аль ч шатны шүүхэд “2018 оны хоёрдугаар сарын 8-нд болсон Их хурал, түүнээс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг сонгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл огт ирээгүй. Ийм нэхэмжлэл гаргасан мэтээр төөрөгдүүлж, мэдээлэл тарааж байгаа хүн бол С.Шаравдорж, энэ мэдээллийг үнэн зөв мэтээр түгээж, дэмжиж байгаа хүн нь А.Бүрэнбаатар юм.

С.Шаравдоржийн гаргасан гэх нэхэмжлэл нь МСНЭ-ийн 2017 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурал, тус хурлаас гаргасан “2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр МСНЭ-ийн 17-р Их хурлыг товлон зарлах тухай” шийдвэрийн тухай байсан. Өөрөөр хэлбэл, энд Их хурал болон түүний шийдвэрийг хүчингүй болгуулах тухай байхгүй. Иргэний хэргийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэл гаргасан С.Шаравдорж тайлбар өгөхдөө “Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгууль хүчингүйд тооцох үндэслэлтэй. Иймд Их хурлыг дахин зарлаж, уг хурлаас орон нутгийг төлөөлөх дэд ерөнхийлөгчийг дахин сонгох нь шударга ёсонд нийцнэ” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өөрөө энэ хуралд орж сонгогдох сонирхолтой, сонгогдож чадаагүй нь эрх ашигт нийцэхгүй байна гэсэн агуулгатай тайлбар хийсэн.

Тэгэхээр энэ хүн Их хурал гэдэг тодорхой пактад биш, уг Их хурлыг товлосон Удирдах зөвлөлийн шийдвэртэй холбоотой нэхэмжлэл гаргасан гэсэн үг. Эндээс логикгүй гурван асуудал үүсэж байгаа юм. Нэгдүгээрт, 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Их хурлыг хуралдуулах тухай Удирдах зөвлөлийн хуралд С.Шаравдорж гуай өөрөө оролцож, дэмжсэн санал өгсөн. Тэгэхээр тэр өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэр, өөрийнхөө дэмжиж зохион байгуулсан Удирдах зөвлөлийн хурлыг үгүйсгэж байгаа нь харагдаж байна. Хоёрдугаарт, ийм утгатай нэхэмжлэл гаргачихаад нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа “Өөрийгөө Орон нутаг хариуцсан салбар хуралдаанд сонгогдоогүй” гэж тайлбар өгч байгаа. Эндээс хүсэл, зорилго хоёрын зөрүү харагдаж байна. Бүр тодруулбал, С.Шаравдорж гэдэг хүн ямар нэг шударга ёс, нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа хүн биш. Хувийн амбиц, албан тушаалын эрх ашгийн төлөө явж байгаа гэдэг нь тодорхой харагдана.

-Энэ хүн зөвхөн хувийн эрх ашгийн төлөө явж байгаа гэж та хэллээ. Энэ зүйлээ та нотолж чадах уу?

-Шүүхэд хандахаас 20 хоногийн өмнө С.Шаравдорж гэдэг хүн “Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо” гэсэн ТББ-аас МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын нэр дээр хүсэлт ирүүлсэн. Тэр хүсэлтэд Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгчийн асуудлыг ярьж, өөрийгөө томилж өгөх тухай агуулга илэрхийлсэн. Энэ хүсэлтэд МСНЭ-ээс “Боломжгүй юм. Энэ бол Х.Мандахбаярын болон Удирдах зөвлөлийн шийдэх асуудал биш. Их хурлаар хэлэлцэж шийдсэн асуудал” гэх хариу өгсөн. Үүнээс 20 хоногийн дараа С.Шаравдорж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд удаагүй байтал шүүхэд иргэний хэрэг хянагдаж байх хугацаанд эвлэрч болох саналыг С.Шаравдоржийн зүгээс мөн гаргасан. Санал явуулахдаа, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэдэг загвар ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ, ямар шийдвэр гаргах вэ гэдгийг хуралдаагүй Удирдах зөвлөлийн өмнөөс иргэн С.Шаравдорж тогтоолын төсөл боловсруулж, түүнийгээ батлахыг Х.Мандахбаяраас шаардсан. Тогтоолын агуулгыг нь бүр “2018 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдсан Орон нутгийн мэргэжлийн төвийн хурлын тэмдэглэл. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны 62 тоот албан хүсэлтийг хэлэлцээд, МСНЭ-ийн Бага хурал Удирдах зөвлөлд орон нутгийн төлөөллийг сонгон, Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг долдугаар сарын 28-ны өдөр дахин зарлан хуралдуулсугай” гэж бичээд ирүүлсэн.  Мөн хурлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд нэр бүхий 9 хүний нэр өгч, тэднийг комисст оруулахыг шаардсан. Өөрөөр хэлбэл, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн эрхэнд халдах, Удирдах зөвлөлийг хуралдахгүйгээр тодорхой шийдвэр гаргахыг тулгасан. Мэдээж МСНЭ-ийн зүгээс ийм шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдэг хариу өгснөөр С.Шаравдоржийн хүсэл, зорилго биелэгдэх боломжгүй болсон учир тэмцлийн дараагийн хэлбэрт шилжсэн нь дээрх үйлдлүүд юм.

Би С.Шаравдоржийн шүүх хуралдааны үеэр хэлсэн тэмдэглэлээс дурдъя л даа. Шүүгч “Та МСНЭ-ийн Их хурлыг хууль бус гэж үзэж байгаа юу” гэхэд “Эвлэлийнхээ Их хурлыг хууль ёсны гэж үзэж байгаа” гэж хариулсан. “Эндээс сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль бусаар сонгогдсон гэж үзэж байгаа юу, гомдолтой юу” гэхэд “Х.Мандахбаярыг хууль бус гэж үзэхгүй, дэмжиж ажиллана” гэсэн байдаг. Энэ бүхэн нь шүүх хуралдааны видео бичлэг, тэмдэглэл зэрэгт хадгалагдан үлдсэн байгаа.

-Мөн шүүхийн шатанд Х.Мандахбаяр хуурамч нотлох баримт авчирч өгсөн гэсэн зүйл яригдаж байна. Үүнд та тайлбар өгнө үү?

-С.Шаравдорж гэдэг хүн иргэн Х.Мандахбаяр, эсвэл МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагч нь “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл” ТББ юм. Хуулийн этгээд учраас шүүхийн захирамжаар МСНЭ-ийг хариуцагчаар татаж, 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. МСНЭ иргэний хэрэг шийдвэрлэхэд оролцогч болж байгаа учраас хуулийн этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж явуулсан. МСНЭ-ээс менежер ажилтай Б.Мөнхбаяр, хуулийн зөвлөх А.Отгонбаяр нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон. Энд Х.Мандахбаяр гэдэг хүн иргэний хэргийн оролцогч огт биш.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол хэрэг шийдвэрлэх процесст оролцож байгаа талууд нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгдөг. Нэхэмжлэгч тал нь шаардлагаа дэмжиж, хариуцагч тал нь шаардлагаас татгалзаж байгаагаа дэмжиж, нотлох баримт гаргаж өгдөг. Энэ нотлох баримт гаргаж өгөх үүрэг нь тухайн оролцогч нараар хязгаарлагддаг. Түүнээс хэн нэгэн хүн, хэргийн оролцогч биш хүн хөндлөнгөөс нотлох баримт гаргаж өгөх боломжгүй.

Талууд үүргийнхээ дагуу нотлох баримт гаргаж өгсөн. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хуралтай холбоотой асуудал яригдаж байгаа болохоор энэ хурал дүрмийн дагуу явагдсан эсэхийг шалгах гол шалгуур бол МСНЭ-ийн мөрдөж ирсэн дүрэм юм. Энэ дүрмийг хариуцагч талаас гаргаж өгсөн. Нотлох баримтаар өгсөн дүрмийн тухайд хоёр дүрэм яригддаг. Эхлээд нэхэмжлэлд дурдсан “Хүчингүй болгох тухай” Удирдах зөвлөлийн хурал нь тухайн үед мөрдөж байсан дүрмийн дагуу явагдсан эсэхийг шалгах ёстой учир одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм бус түүний өмнөх дүрмийг гаргаж өгсөн. Энэ нь 2015-2018 оны хооронд мөрдөж байсан Удирдах зөвлөлийн дүрэм буюу С.Шаравдоржийн өөрийнх нь удирдаж асан Удирдах зөвлөлийн хэрэглэж байсан дүрэм. гэсэн үг. Энэ дүрмийг 2015 онд хуралдсан МСНЭ-ийн 16-р Их хурлаас баталсан. Энэ дүрмийг батлахад Х.Мандахбаяр гэж хүн огт байгаагүй.

МСНЭ-ийн Их хурлаас дүрмээ батлаад нэг хувийг нь Улсын бүртгэлд бүртгүүлж, нөгөө хувийг нь МСНЭ-ийн сайтад байршуулсан байдаг. Ийм хоёр эх сурвалж байсан. С.Шаравдорж нарын дөрвөн жил хэрэглэсэн дүрмийг сайтаас хуулбарлан нотлох баримтаар шүүхэд өгсөн. Энэ хоёр дүрэмд нэг зөрүүтэй заалт бий. Дүрмийн 4-ийн 28.5 хэсэгт Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрт хуралдаанд оролцогчид гарын үсэг зурна гэсэн байсан бол сайтад байршсан дүрэмд Удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурна гэсэн агуулгатай өөр заалт байсан. Тэгэхээр дүрмийн энэхүү заалтан дээр маргаан үүссэн гэсэн үг. Бүр базаад хэлбэл, сайтаас хуулбарласан дүрмийг хуурамч нотлох баримт гэж үзэн, “МСНЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр хуурамчаар үйлдлээ” гэх утгатай өргөдлийг С.Шаравдорж  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн. Харин “Энэ дүрэм нь бол 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр сайтад байршсан юм байна” гэдгийг нь нотолсон. Ийм л асуудал болсон.

-Гэтэл сэтгүүлч А.Бүрэнбаатар хэвлэлийн хурлын үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн, шалгагдаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн шүү дээ. Энэ хүмүүс худал мэдээлэл тараасан гэсэн үг үү?

-А.Бүрэнбаатар, С.Шаравдорж нар ямар мэдээлэл явуулж байна гэхээр “МСНЭ-ийн 17-р Их хурлыг хууль бусаар зохион байгуулсан, ингэхдээ хууль бус нотлох баримт цуглуулсан. Энэ асуудлаар Х.Мандахбаярыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Яллагдагчаар татсан” гэж ярьж, мэдээлж байгаа. Гэтэл энэ нотлох баримт гээд байгаа зүйл нь МСНЭ болон Х.Мандахбаяртай хамаагүй. Ингэж утга агуулгын зөрүү гаргаж, бусдыг гүтгэж болохгүй ээ. Хуурамч нотлох баримт гэдэг нь эрх бүхий баримт бичгийг цоо шинээр хуурамчаар үйлдэхийг хэлдэг. Гэтэл энэ дүрмийг хэн ингэж өөрчилж, 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр МСНЭ-ийн сайтад өөрчилж оруулсан юм бэ гэдгийг л олох хэрэгтэй (4.28.5 дахь заалтыг).  Дүрмийг хэрэглэсэн хүн бурууддаг юм бол дөрвөн жил хэрэглэсэн, тэр дүрмийг хэлэлцэж баталсан, гарын үсэг зурсан С.Шаравдорж ч мөн хариуцлага хүлээх ёстой. Энэ дүрэм хуурамч юм бол хэн байршуулав, 2015 онд байршсан дүрэмтэй холбоотой асуудлыг 2017 оны шинэчлэгдсэн Эрүүгийн хуулиар шийдвэрлэх боломжтой юу, хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Гэтэл энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах нь бүү хэл хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэх ч үндэслэлгүй байхад цагдаагийн байгууллага өргөдөл, гомдол хүлээж авч, шалгаж байгаа нь өнөөдрийн эрхзүйн орчинд боломжгүй зүйл юм.

А.Бүрэнбаатар нар мэдээлэл хийхдээ хэрэг үүсгэсэн гэдэг мэдээллийг итгэлтэйгээр хэлсэн. Ингэхдээ мэдээллийнхээ эх сурвалжийг цагдаа, прокурор гэдгийг тодорхой нэр зааж ярьсан. Тэгэхээр хэн нэгэн этгээдэд хэрэг үүсгэсэн бол тухайн этгээдэд мэдэгдэж, оролцоог хангадаг. Өнөөдрийн тухайд дээрх хүмүүсийн хэлсэнчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл байхгүй. Нэгэнт ийм байхад мэдээлэл тараасан, ярьсан хүмүүс мэдээллээ батлах ёстой. Өгсөн мэдээллээ нотлох нь тэдний үүрэг.

ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN

Хариулт үлдээх

Your email address will not be published.