ТОЙМ: Саарал жагсаалтад багтаж, НАМЭХ ерөнхийлөгчөө сонголоо
2019 оны 10 сарын 19

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ын  YII их хурал өнгөрсөн пүрэв гаригт  Тусгаар тогтнолын ордонд хуралдаж ирэх дөрвөн  жил тус холбоог удирдах тэргүүнээ сонголоо.

НАМЭХ-ын Ерөнхийлөгчийн төлөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар  өрсөлдсөн юм. Ингээд санал хураалтын дүн гарахад  төлөөлөгчдийн 75.4% -ийн саналаар  Д.Сарангэрэл  сонгогдов.

FATF Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д орууллаа

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага FATF-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан талаараа мэдээллээ. Уг жагсаалтад Монголоос гадна шинээр Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэж, харин Этиоф, Шри Ланка,Тунис улсуудыг эрсдэлтэй жагсаалтаас хассан байна.

FATF-аас гаргасан албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, дутагдлаа арилгах төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэжээ.

Өмгөөллийн тухай хууль батлагдлаа

Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хууль батлахад хариуцаж байгаа байнгын хороо, ажлын хэсгүүд байж байх шаардлагатай шүү. Цаашид анхаараарай. Засгийн газрын гишүүд ч мөн адил. Энэ Засгийн газрын гишүүд юманд их эмзэг байх юм хүмүүстэй ингэж хандаж харьцах юм.

Энэ хуультай санал нийлэхгүй хүмүүс байна. Жишээ нь бидэнд Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчдийн холбооноос бичиг ирсэн. Энэ Өмгөөллийн хуулийг хойшлуулах шаардлагатай гэсэн байна. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль байдаг. Үндсэн хуулийн цэцээр 30 гаруй удаа орсон хууль л даа. Б.Бат-Эрдэнэ гишүүний асуусан асуулт энэ хуулийн төслийг боловсруулах үеэр зөндөө ярьж, хэлэлцүүлгүүд ч өрнүүлсэн. Ер нь бол Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуультай улс байхгүй. Бүх шүүгч бүрэлдэхүүнд орохоо байсан. Мөн прокурорууд нь ордоггүй. Ер нь бол хуулийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс нэг дээвэр дор, нэг хуулийн дор амьдарна гэсэн зүйл угаасаа байдаггүй. Үндсэн хуулийн алтан зарчим бол эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн бие даасан байдал.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хуульчдын холбооноос энэ хуулийг төслийг хойшлуулъя, учир дутагдалтай зүйл байгаа гэдгийг хэлсэн гэж сая Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Аргагүй ээ. Манайд хуульчид, өмгөөлөгчид, прокурор, шүүгчид нь бүгд Хуульчдын холбооны нэг дээвэр дор багтчихсан. Хооронд нь эрх ашгийн зөрчил ч бий. өмгөөлөгчид нь өмгөөллийн холбоогоо байгуулж олон улсын жишгийн дагуу ажиллах ёстой. Үүнийг ч шинэ хуульд тусгасан гэж ойлгож байгаа. хууль хяналтын байгууллагуудаас халагдсан хүмүүс өмгөөлөгч болдог. Энэ нь эргээд прокурор, шүүгчид нөлөөлж шударга бус шүүх засаглал бий болох,  тухайн хэрэг бүдгэрэх зэрэг тохиолдлууд практикт бий. үүнийг Өмгөөллийн тухай хуулиар засаж ажлаасаа гарсан хүмүүс өмгөөлөгч болгохгүй байх зохицуулалтыг энэ хуулиар хийж байгаа юм байна. Энэ хуулиар иргэн хүн анх удаагаа өөрийгөө өмгөөлөх эрхийг хуулиар олгож байгаагаараа онцлог. Энэ мэтчилэн уг хуулийн төсөлд сайн талууд олон харагдаж байна.

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар:

Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг тогтоохоос гадна иргэдийн хууль зүйн туслалцаа авах мөн тухайн иргэн өөрийгөө өмгөөлөх эрхзүйн туслалцааг бий болгож байгаагаараа онцлог. Иргэн хүний хувьд санал хүсэлт, гомдол гаргах нь нээгдэнэ гэсэн үг. Мөн хууль шүүхийн байгууллагад буюу цагдаа, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн хоёр жилийн хугацаанд өмгөөлөгч хийхгүй гэж хориглосон. Нөгөө талаар шүүгчээс огцорсон, прокуророос халагдсан зэрэг ёс зүйн зөрчлөөр ажлаасаа халагдсан хүмүүс өмгөөлөгчийн шалгалт бүр өгөхгүй байхаар зохицуулсан. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгчдөд тавигдах шаардлага нэмэгдэнэ. Мөн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ  нууцын зэрэглэлийг нэлээд хатуу зохицуулсан. Зөвхөн гурван үндэслэлээр нууцаа задална. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад орсны дараа  бүх хүн өмгөөлөгч хийх эрхтэй болдог. Энэ хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад ороод дараа нь дахин өмгөөллийн сонгон шалгаруулалтад орно. Энэ нь өмгөөлөгч болох ур чадвар, хандлага зэргийг нь шалгах шалгалт. Хэрэв энэ шалгалтад тэнцвэл хугацаагүйгээр өмгөөллийн эрхээ авна. Мөн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбоо олгоно. Ингэснээр төрөөс хараат бусаар ажиллах эрхзүй бүрдэнэ.

Химийн хорт бодис оруулж ирдэг ААН-үүдийн хураамжийг нэмэхийг гишүүд дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.

УИХ-аас 2010 онд шинэчлэн найруулж баталсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 21.1.2-д “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг” гэж заасан нь бага хэмжээтэй бодис импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, лаборатори, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэлтэй байгаагаас хууль бусаар импортлохыг оролдох, зөвшөөрөлгүйгээс хил дээр ирсэн бодисоо авч чадахгүй байх, хураагдах зэрэг зөрчлийг үүсгэж байгаа аж. Түүнчлэн хэд хэдэн аж ахуйн нэгж нийлж, нэг зөвшөөрөл авах, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодисын зөвшөөрөл авахыг эрмэлзэх болсон нь зөвшөөрлөөр дамжуулан химийн бодисын хэрэглээнд тавих хяналтыг сулруулах, химийн бодисын хууль бус импортыг бий болгох зэрэг сөрөг үр дагавар гарах шалтгаан болж байна гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 21.1.2-д заасан тэмдэгтийн хураамжийн дээд доод хязгаарыг өөрчлөн “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-20 000 000 төгрөг” болохоор хуулийн төсөл боловсрууллаа. “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжаас төвлөрөх орлого одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзээд байсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

Химийн хорт бодист зарчмын зөрөө байхгүй. Яагаад нэг хэсэг нь 50 мянган, нөгөө хэсэг нь 20 сая төгрөгийн хураамж төлдөг вэ?  Уг нь хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1.2 сая сая 2 сая төгрөг болсон  байжээ. Одоо доод хязгаарыг 50 мянган төгрөг болгож бууруулаад, дээд хязгаарыг 20 сая хүртэл өндөр болгоно гэж юу яриад байгаа юм бэ? Тиймээс өсгөсөн нэрийн дор залилангийн шинжтэй тоо орж ирж байгааг дэмжихгүй. Дээд тал нь 20 сая байхад доод тал нь 10 сая байж болно. Гэтэл яагаад доод хязгаар нь 1.2 сая байсныг 50 мянган төгрөг болгочихсон бэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: 

– Батлагдаж байгаа хуулиараа нэг тонн хүртэл экспортлоход  1.2 сая гэж байгаа юм. Өмнө нь 200 тонноос дээш 3 сая төгрөгийн хураамж төлдөг байсан. Одоо 20 сая төгрөгийн хураамж төлдөг болж байгаа гэлээ. Харин гишүүн Д.Эрдэнэбат “Энэ чинь залилан мөн байна. Үүнд тоо хэмжээ хамаарахгүй. Бага хураамжийг аваад явна.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураахад тус хуулийн төслийг дэмжээгүй тул  хууль санаачлагчдад нь буцаалаа.

Үргэлжлүүлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 54 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл”-д үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар анхны бодлогын бичиг баримт батлагдсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 2009 онд батлагдаж, парк байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлсон гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулгадаа дурдав.

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүд хоорондын давхцал, зөрчлийг арилгах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл, технологийн паркт хөрөнгө оруулалт татах, паркийн нэгжийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, улмаар паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгааг танилцуулгадаа онцолсон.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болж, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэн, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж дууссанаар УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Х.ИНДРА

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.