Б.Жавхлан: Системээрээ хамтарч байж саарал жагсаалтаас гарна
2019 оны 10 сарын 29

Б.Жавхлан: Системээрээ хамтарч байж саарал жагсаалтаас гарна

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


FATF-аас Монгол Улсын саарал жагсаалтад оруулсан.  Саарал жагсаалт тойрсон маш олон асуудал эргэлзээ, хариуцлагын тухай ид яригдаж байна. Гэхдээ хэн нэгэнд хариуцлага тооцохоос илүүтэй хамгийн гол зорилго нь саарал жагсаалтаас  богино хугацаанд эдийн засгийн хохирол багатай даван туулахыг ярих ёстой болов уу?

-Гол асуудал нь  саарал жагсаалтаас аль болох  эдийн засагтаа хүндрэл багатайгаар хурдан хугацаанд гарах юм. Саарал жагсаалтад оруулсан дөрвөн шалтгааныг FATF зарласан. Тэр дөрвөн шалтгаан дээр  бид ажиллах ёстой. Энэ дөрвөн шалтгааны ард нь  хариуцаж ажиллах  институциуд нь маш тодорхой байгаа. Энэ бол бидний хувьд маш том сургамж. Саарал жагсаалт  гэдгийг агуулгаар  нь маш сайн ойлгож авах ёстой. Хэн нэг хувь хүний асуудал биш.  Улс орны бүхэл бүтэн системийн асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс  гүрэнд эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт маш хүчтэй явагдаж байгаа. Мөнгө угаалтын эсрэг, хүн төрлөхтний эсрэг заналхийлдэг терроризм, үйл олноор хөнөөх зэвсгийн эсрэг бүгдээрээ нийлж, нэг дүрмээр тэмцдэг болсон. Ингэж тэмцэхдээ улс орон бүр өөр өөрсдийн системээрээ тэмцдэг. Монголын  болохоор ганц нэг байгууллага, хувь улстөрчид тохоод өнгөрөх биш с системээ, тогтолцоо ярих цаг болж. Бид дэлхийн улс орнуудтай хамтарч  тэмцэх ёстой гэдгийг маш сайн ойлгож авах ёстой. Энэ удаад щхарилцан хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, шүүх тогтолцоо, Засгийн  газар, УИХ-ын харьяа хүчний байгууллага болох АТГ, цагдаа, Тагнуулын ерөнхий газар гээд бүгд хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас богино гарна. Түүнээс энэ удаагийн саарал жагсаалтад манай асуудал ороогүй, манайд хамаагүй гэж хандах бус бүгдээрээ хамтарч ажиллах нь чухал. Мөн энэ тогтолцоо өөрөө хоорондоо маш сайн ойлголцож, хамтарч ажиллаж байж цаашид урт хугацаанд саарал жагсаалтад орохгүй байх тэр найдвартай флатпормийг бий болгох ёстой.

2011-2014 онд саарал жагсаалтад байсан, гарсан. Түүнээс хойш тогтолцоо, системээрээ хамтарч ажиллаж чадаагүйн хар гай одоо гарч ирж байна. Хэн нэгнээс буруу хайхаас илүүтэй систем, тогтолцоогоороо яригдаж байх ёстой асуудал бол саарал жагсаалт гэдгийг л ойлгох нь чухал.

FATF-ын дөрвөн сануулгын нэг  нь авлига, албан тушаалын том хэргүүдэд ял шийтгэл оноохгүй, хариуцлага ярьсангүй гэх асуудал. Хууль, хүчний байгууллагын уялдаа холбоо  сул, тэд ажлаа муу хийсний үр дагавар гэх хүмүүс байна?

-Дөрвөн заалт дотор шүүхээр ял шийтгэл оноогоогүй, хариуцлага хүлээлгэхгүй  байгааг сануулсан. FATF-аас хэрэг илрүүлэлт сайн байна,  энэ процесс үр дүнтэй байгаа ч шүүхийн шатанд замхарч  алга болоод буйг сануулсан. Энэ бол үнэн. Засгийн газрын харьяа цагдаа, АТГ зэрэг хэрэг илрүүлэлтийн шатны институциудын ажил боломжийн хэмжээнд  гэж харж байна. Гагцхүү Засгийн газар, УИХ-ын харьяа биш шүүх тогтолцооны түвшинд энэ асуудал замхарч байгаа нь саарал жагсаалтад нөлөөлөх нэг факт. Түүнээс гадна бас нэг том хүчин зүйл бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Шүүхээр ял шийтгэл оноогоогүй гэсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг яриад байгаа юм. Бид 2011-2014 оны хооронд мөнгө угаалтын суурь хуульд  маш сайн өөрчлөлт хийж, энэ төрлийн гэмт хэргийг тодруулж, үүний дагуу Эрүүгийн хуульд ял шийтгэл,  хариуцлагыг нь чангатгасан. Гэтэл нэгхэн жилийн дараа 2015 онд 34 их наяд төгрөгийг өршөөсөн. Өөрөөр хэлбэл, энэ өршөөсөн 34 их наяд төгрөг цаанаа асуудалтай, ямар нэг хэмжээгээр мөнгө угаалтын шинж агуулсан мөнгө байсан учраас өршөөгдсөн гэсэн үг. Энэ нь өөрөө олон улсын байгууллагуудын анхаарлыг маш их татаж байгаа. Энэ хууль нь одоо болтол үйлчилж байгаа нь маш их анхаарал татаад байгаа юм. Тиймээс энэ асуудлыг богино хугацаанд засч, зөв голдрилд нь  оруулах шаардлагатай байна.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлаад жилийн дараа өршөөсөн. Гэтэл энэ сануулгыг 2017 оноос хойш FATF сануулж байсан. Харин танай намд, Засгийн газарт өөрчлөх, цуцлах боломж нь хангалттай байсан шүү дээ?

-Улс орнуудад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай агуулга ижил өршөөлийн хууль байдаг. Сайн туршлага, муу туршлага ч байна. Сайн туршлага гэвэл Казахстан улсад өршөөлийн хууль хэрэгжүүлээд өршөөсөн богино хугацаанд хуулийнхаа өөрчлөлтийг зогсоосон. Манайд одоо хүртэл хэрэгжиж байгаа нь харамсалтай. Үүнийг эргэж харах зайлшгүй шаардлага бий. Гэхдээ эргэж харна гээд бүр хүчингүй болгох нь маш их эрсдэлтэй. Энэ 34 их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан, эргээд эх үүсвэрийг шалгах нь эдийн засагт бүр ч их аюул учруулж болзошгүй. Тиймээс үйлчлэх хугацааг нь тасалбар болгоод явах нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээ гэж бодож байна.

-Гол асуудал нь 2017 оноос хойш өгсөн сануулгыг МАН яагаад анхаарсангүй вэ гэдэг шүүмжлэл маш их байна. Мөнгө угаах, терреризм, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиудыг саарал жагсаалтад орохоос хэдхэн хоногийн өмнө л гэнэт ухаарсан мэт баталсан. Цагийг нь тулгахгүйгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд шийдэх боломж байсан?

-Саарал жагсаалтад орохгүй байна гэдэг нь байнгын манай тогтолцоо, системийн хамтын ажиллагаа шаарддаг асуудал. 2017 онд сигнал өгсөөр байтал манай тогтолцоогоороо хамтарч, ойлголцож ажиллаж чадаагүй л илрэл нь өнөөдрийн саарал жагсаалтад орсон явдал. Нэг байгууллагаас шалтгаалах асуудал биш. Монголбанк гэхэд энэ жагсаалтад байгаа нэг асуудал манай хамаагүй, өөр нэг байгууллага бас манайд хамаагүй гэж яриад сууж байж болохгүй. Хамтарч ажиллах манай систем бүрэн ажиллаж чадаагүй байна л гэж харж байна. FATF-аас гаргадаг, улс гүрнүүдэд санал болгодог журам, заавар бий. Тэдгээр журам, зааврыг барьж сууж байгаад ямар байгууллага ямар ажил хийх, юуг хариуцах ёстой вэ гэдэг нь маш ойлгомжтой байдаг. Төв банк, Засгийн газар, АТГ, шүүх прокурор гээд бүх байгууллагын үүрэг маш тодорхой байдаг. Түүний дагуу л хамтарч ажиллах ёстой. Саарал жагсаалт бол жижиг асуудал биш, эдийн засаг тэлэх тусам, манай улс дэлхийн нийтийн интеграцид орох тусмаа бидэнд илүү их ирэх, санах асуудал. Саарал жагсаалтад орохгүй бол эдийн засагт тэр хэмжээгээр үр өгөөжөө өгөх асуудал. Ийм асуудлыг бид жижиг түвшинд анзаарахгүй авч явж байна. Улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засагтай холбоотой асуудал. Жижиг түвшинд бус том түвшинд, том зургаар нь харж байнга үүрэгжүүлж авч явах ёстой асуудал. Тамирчнаар бол байнгын бэлтгэлтэй, сэрэмжтэй байх ёстой асуудал.

-Олон улсын байгууллагуудаас манай улсад маш их зөвлөмж өгдөг.  Гэтэл хэрэгжүүлж байгаа, анхаарч байгаа нь сул эсвэл хэрэгжүүлдэггүй байдаг. Үүний тод жишээ нь саарал жагсаалт болов уу?

-Зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй гэж хэлж болохгүй. FATF-аас  40 гаруй зөвлөмж ирүүлснийг шат дараатай биелүүлж байгаа. Хамгийн сүүлд буюу 2017 онд хийсэн хяналтаар дөрвөн л зөвлөмж нь асуудал байна бусдыг нь засч, сайжруулсан байна гэсэн зөвлөмж ирсэн. Гэхдээ бас тэр дөрвөн үзүүлэлтийг харахад хийгээд хэрэгжүүлж болохоор дөрвөн асуудал байна лээ. Огт хэрэгжүүлээгүй гэж ойлгож болохгүй. FATF-ын сүүлийн хурал дээр бол манай биелүүлсэн зөвлөмжүүдийг бол сайшаасан. Гагцхүү дөрвөн үзүүлэлт дээр удаашралтай байна гэсэн байна лээ.

FATF-ийн 36 үзүүлэлтийг хангасан гэдэг бол гологдохоор үзүүлэлт биш.

-Тогтолцоо, системийн хамтын ажиллагаа дутмаг байсан гэж байна. Тагнуул, цагдаа нь Засгийн газарт, шүүх нь Ерөнхийлөгчид харьяалагддаг. Тэгэхээр институц хоорондын зөрчил, улс төрийн шалтгаан нөлөөлсөн байх боломж бий юу. Яагаад гэвэл илрүүлэлт сайн байгаа ч шүүхийн шатанд хэрэг замхарч, хариуцлага тооцогдохгүй байна гэдгийг шүүмжилсэн байсан?

-Тийм шалтгаан байхыг огт үгүйсгэхгүй. Мөнгө угаалт нь өөрөө олон хүмүүсийг хамарсан, банк, санхүүгийн систем зэрэг олон институц хамтарч хийдэг онцлог шинжтэй. Тиймээс тэр болгоны ард улс төр байхыг үгүйсгэхгүй.

-Нэгэнт саарал жагсаалтад орсон, удахгүй зээлжих зэрэглэлийг хэрхэн асуудал шийдэгдэнэ. Хэрхэх нь тодорхойгүй байгаа ч дараа дараагийн учирч болох эрсдэлүүдийг хэрхэн харж байна вэ?

-Саарал жагсаалт эдийн засагт огт нөлөөлөхгүй  зүйл биш. Удах тусам бидэнд хүнд тусна. Дараа дараагийн эдийн засгийн зээлжих зэрэглэлийн үнэлгээ яаж хийгдэхийг мэдэхгүй байна. Маш олон үзүүлэлтүүдийг хардаг бөгөөд саарал жагсаалт нэг үзүүлэлт нь болох байх. Гэхдээ бидэнд сайн үзүүлэлтүүд байгаа. Төлбөрийн тэнцэл сайжирсан, гадаад худалдаа нэмэх болсон, Төв банкны валютын нөөц нэмэгдсэн, төсвийн алдагдал буурсан гэх мэт  олон сайн үзүүлэлтүүд бий. Тиймээс үнэлгээ өгдөг олон улсын байгууллагууд энэ олон үзүүлэлтүүдийг харах байх.

-Хятад, АНУ худалдааны дайн, Европын холбооны асуудал гээд дэлхийн эдийн засаг тогтворгүй байна. Тэгэхээр эхнээсээ саарал жагсаалтад ороод эхлэхээр цаашид ямар эрсдэл үүсч болох вэ?

-Маш олон Засгийн газрын бонд гаргасан, 27 их наядын гадаад өр байна гэдэг нь тэр их мөнгөөр бид олон улстай холбогдсон. Олон улсын эдийн засгийн хямрал, сэргэлт яг тэр сувгаар бидэнд нөлөөлнө. Тэр болгоны нөлөө болгоны өмнө хямрахгүй, эдийн засгийн цохилтыг давж гарах эдийн засгийн чадамжтай болох ёстой. Үүний тулд бид ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. ОУВС-ийн хөтөлбөр төсөв, банкны системтэй хамааралтай хөтөлбөр хэрэгжүүлсэн. Төсөв дээр бид сахилга баттай, шат дараатай, алдагдлууд буурч, төлбөрийн тэнцэл сайжирч байна гэсэн сайн үнэлгээ авч буй. Харин одоо бид ОУВС-ийн хөтөлбөр дуусах зургаан сарын хугацаанд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг амжилттай хийх ёстой. Тэгж байж бид  дараагийн эдийн засгийн хүндрэлүүд, хямралыг давж гарах чадамжтай  болно. Гэхдээ тэрийг давж гарч чадах уу гэдэг маань саарал жагсаалтаас илүү анхаарал татсан асуудал болж байна. Саарал жагсаалт бол тодорхой асуудал. Орсон нь үнэн, цаашид хэн ямар арга хэмжээ авах вэ гэдэг тодорхой.  Хэрэв бид ОУВС-ийн хамтарсан хөтөлбөрийг бид амжилтгүй дуусгавал саарал жагсаалтаас илүү эдийн засгийн  болон нийгмийн хүнд цохилт авна. Тиймээс бид

ОУВС-ийн хөтөлбөрийг амжилттай дуусгах тал дээр бид маш сайн анхаарах ёстой.  Өөрөөр хэлбэл, үлдсэн хугацаанд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг Монголбанк хийх маш том үүрэг, хариуцлага байх ёстой.

-ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбартаа бүтцийн өөрчлөлт хийх боломж байна уу. Саарал жагсаалттай зэрэгцээд Монголбанкны удирдлагыг солих асуудал сөхөгдөөд эхэллээ шүү дээ?

-Боломжгүй  асуудал гэж байхгүй. Бүх эрх мэдэл, боломж нь Төв банкинд байна. Тэгэхээр богино хугацаанд шийдвэртэй зоримог алхам авч хэрэгжүүлэх ёстой.  ОУВС-ийн хөтөлбөрийн хамгийн том даваа үлдсэн. Энэ том давааг давж, амжилттай дуусгах удирдлагын баг гэдэг маш чухал. Бүх л түвшинд ойлголцдог, улс төрийн дэмжлэгтэй, улс төр нь өөрөө зөв гэж харах нь чухал. Саарал жагсаалттай холбоотойгоор хариуцлага тооцохоос илүү ОУВС-ийн хөтөлбөрийг амжилттай дуусгах уу, үгүй юу гэдэг нь илүү чухал асуудал. Энэ талаас нь асуудалд хандах учиртай.

-ОУВС-ийн гурван жилийн хөтөлбөр 2020 оны сонгуультай зэрэгцэж дуусах гэж байна. Энэ хөтөлбөр дууссаны дараа Монгол Улс яах вэ. Эдийн засгийн хувьд хөтөлбөргүй явах боломж нь хэр байна вэ?

-Цаг хугацааны хувьд тэгж таарч байгаа. ОУВС-ийн хөтөлбөрөөс амжилттай гарах юм бол энэ бол бидэнд маш том эдийн засгийн хувьд олон улсын тавцанд нэр хүнд авчирна. Маш олон талаар эдийн засаг, нийгмийн маш том ололт болно. Гэхдээ бид хөтөлбөртэй байснаа мартдаг, саарал жагсаалтад орж байснаа мартчихдаг. Эдийн засгийн тогтвортой байдал, ялангуяа төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, Төв банкны валютын нөөц  зэрэг макро балансаа цаашид тогтвортой авч явах нь маш чухал. ОУВС-тай ярьж тохиролцсон хугацаандаа хөтөлбөрөө дуусгах нь бидэнд илүү үр өгөөжтэй.

Хариулт үлдээх

Your email address will not be published.