Эрх баригчид сонгуулийн тойргийг хэрхэн зураглах вэ?
2019 оны 11 сарын 5

 

Ирэх оны улсын төсөв, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, үргэлжлүүлээд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэх гээд цаг хугацаатай шийдэх асуудлын өмнө УИХ тулж ирээд байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйг эрх баригчдад цаг хугацаа сануулж, ирэх сонгуулийн жил хаяанд  ирлээ.

 

2020 оны улсын төсвийн төслийг хоёр их наядын алдагдалтай боловсруулсныг сөрөг хүчин шүүмжилж байгаа ч  тойргоо услахаар Засгийн газартай тохиролцсон гишүүдийн “ам нь үдээтэй” байгаа. Тиймээс ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг болох Хэнтий аймагт 235 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол зэргэлдээ  Дорнод, Сүхбаатарынх 30-35 тэрбум төгрөг тусгасан байна” гэж шүүмжлэх төдий л дуугарахаас  хэтрэхгүй байцгаана. Хуулиараа улсын төсвийг өмнөх оны 11 дүгээр сарын 15-нд батлах заалттай. Тиймээс ч энэ долоо хоногт хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулна. 2020 оны улсын төсөв сонгуулийн жилийн төсөв болж, хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр тусгаж, зарлагыг нэмэгдүүлсэн гэх сөрөг хүчний шүүмжлэлтэй маргах нэгэн байхгүй. Басхүү шүүмжлэлийг хүлээн авч, танах асуудал ч сөхөгдөхгүй. Учир нь ирэх оны төсөвт МАН-ын гурван жилийн өмнөх сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийг түлхүү тусгасан байгаа.

 

Гэхдээ  ирэх оны улсын төсөв хөрөнгө оруулалтад чиглэсэн ч бүтээн байгуулалт нь цаасан дээр үлдэх магадлал өндөр. Учир нь он гарангуут сонгуулийн жилийн улстөржилт  нэлдээ явагдана. Тиймээс  эхний хөгжил жилдээ ашиглалтад хүлээлгэн өгөх барилга, объектууд л нээлтээ хийхээс бус шинээр баригдах бүтээн байгуулалтууд шав тавих ёслолоос хэтрэхгүй. Тэгээд ч ирэх оны төсвийн гүйцэтгэлийг энэ парламент хариуцахгүй. Шинэ парламент шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тиймээс л ирэх баригчид ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсөв, санхүүгийн сахилга батыг барих дүрмийг үл харгалзаж, “саарал жагсаалт”-ыг ч эс тоож бүрэн эрхийн хугацааны сүүлийн боломжоо бүтнээр нь эдлэхээр төсөвлөсөн биз.

 

Хуулийн хугацаатай улсын төсвийг баталсны дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.  Зөвшилцлийн ажлын хэсэг энэ сарын 11 буюу ирэх долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангасан байх ёстой.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахгүй нь гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэх тогтоолоор тодорхой болсон. Тэгээд ч цаг хугацаа, эдийн засаг,  иргэдийн ирцийн хувьд нь энэ нь боломжгүй нөхцөл үүсээд байгаа. Харин АН-тай эрх баригчид тохироонд хэрхэн хүрч байгаа нь олны анхаарлын төвд байна. Хэдийгээр сөрөг хүчин “Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоотой байх, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх” гэсэн гурван саналыг тусгахыг шаардаж байгаа ч “хөшигний ард” сонгуулийн тойрог хуваарилалтаар тохирч чадахгүй толхилцсоор байгааг ажиглагчид хэлж байна.

 

Үндсэн хууль хэрхэн батлагдахаас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх хамаарах юм. Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг “Монгол Улс нэг тойрог” гэсэн хувилбар гаргаж байсан. Энэ нь гишүүдийн байтугай олны дэмжлэг авахааргүй, шүүмжлэлд өртсөн. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт яригдсанаар Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн хуралдаан түр завсарлаад байгаа юм билээ. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог тусгавал ажлын хэсэг Сонгуулийн хуулийг дахин боловсруулна.  Хэрвээ АН-ын зүгээс тавьж байгаа сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгавал сонгууль намын жагсаал болон тойргоор нэр дэвшин УИХ-д сонгогдоно.  Намын жагсаалтаар орж ирсэн тойроггүй гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд намын мөрийн хөтөлбөрийг эс тооцвол үүрэх ачаа, хүлээх хариуцлага нь хөнгөн тусдаг юм билээ. Хэдийгээр намын жагсаалтаар сонгогдсон гишүүд улс орны хэмжээний бодлого хэрэгжүүлнэ гэж ярьдаг ч нэдэр дээрээ хувийн лобби талаас асуудалд хандах нь анзаарагддаг. Атал тойргоос сонгогдсон гишүүд улсын төсвийг батлахад ч идэвхтэй оролцож, тойрогтоо хөрөнгө оруулалт ахиухан тусгах гэж зүтгэдэг бол жагсаалтаар сонгогдсон хэсэг нь “би ард түмнээс сонгогдсон” гэж цээжээ дэлдээд, жалга, довны асуудал ярилаа гэж тойргоос хүчээ үзэн сонгогдсон нэгнээ чичлэх хандлага гаргадаг нь ердийн үзэгдэл. Ер нь жагсаалтаар сонгогдсон хэсэг ард түмнээс бус нам нь сонгосон гэвэл үнэнд илүү ойр. Тэгээд ч “миний ард түмэн” гэж хэлэх эрх зөвхөн Ерөнхийлөгчид хадгалагддаг. Эрх баригч хүчин сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгахгүй гэж нэгдсэн байр суурьт хүрснийг хоёрдугаар хэлэлцүүлэг баталсан. Тэгээд ч аль ч парламентын үед ирэх сонгуулийн тойргийг эрх барьж байгаа хүчний улстөрчид зурдгаас бус сөрөг хүчиндээ шилжүүлдэггүй. Өмнөх парламентын үед ч одоогийн сөрөг хүчин АН энэ эрхээ эдэлсэн.

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гишүүдийн олонх нь тойрогтоо ажиллаж, байнгын холбоо харилцаатай байж, “усалсаар” ирсэн юм билээ. Тиймээс ч сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулахгүйгээр өмнөх хувилбараар явуулахыг илүүд үзэж байгаа. Харин тойрогтоо нэр нөлөөгүй, иргэд сонгогчдынхоо итгэлийг дахин олохооргүй  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын зарим нэр бүхий гишүүд намын жагсаалтыг  дэмжиж байгаа гэсэн сураг байна.  Магадгүй, намын жагсаалтыг сонирхож байгаа хэсэг, нэрээ  дээгүүр бичүүлэх боломжтой гэж үзэж байж ч болох.

 

2020 оны улсын төсөвт УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийг явуулахад 43 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Юутай ч ирэх өдрүүдэд УИХ оны улсын төсвийг баталж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэг тийш цэгцэлснээр сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаа шийдвэрлэнэ. Сонгуулийн тогтолцоо, тойргийг хэрхэн зурагласнаас парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн хувь заяа ч шийдэгдэх юм.

Н.Энхлэн

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.