Д.Одбаярыг 10 хоног БНСУ-аас гарахыг хоригложээ
2019 оны 11 сарын 7
Цэцийн дарга Д.Одбаярыг Монголд шилжүүлэн авчрах боломж алга

Өмнөд Солонгост бэлгийн дарамтын хэрэгт холбогдоод байгаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгч эхэлсэн билээ.

Өглөөний 10:35 цагт эхэлсэн байцаалт 14 цаг орчим үргэлжилж шөнийн 00:00 цагт дууссан байна.

Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч дараа нь мэдэгджээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Сөүл хотын прокурорын газраас 10 хоногийн хилийн хориг тавьжээ. Таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүртэл Д.Одбаяр тус улсын хилээр гарах нь хориотой юм.

Цэцийн дарга Д.Одбаяр нь Индонез улсад болох Олон улсын цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Улаанбаатар-Сөүл чиглэлд онгоцоор зорчихдоо Кореан эйр компанийн үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд “бэлгийн дарамт үзүүлсэн, дарамталсан” гэх үйлдэлд холбогдуулан шалгаж байна.

Д.Одбаярын холбогдсон гэх эрүүгийн гэмт хэрэг нь БНСУ-ын хуулиар 10 хүртэлх жил хорих, эсхүл 15 сая вонн буюу 34 сая 950 мянган төгрөг юм. Хэрэв ял шийтгүүлбэл Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасанчлан тэрээр албан тушаалаасаа огцрох учиртай.

Харин хорих ял шийтгүүлбэл, Монгол Улс, БНСУ-ын хооронд 2007 онд байгуулсан Ялтан шилжүүлэх гэрээ үйлчлэхгүй.

Учир нь, гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 1 (а)-д “Тухайн ялтны ял хүлээсэн үйлдэл нь хүлээн авагч талын хуулиар гэмт хэрэгт тооцогдож, ял ногдуулж болохоор байх” тохиолдолд ялтныг шилжүүлж болохоор заажээ.

Гэтэл Монгол Улсийн Эрүүгийн хуульд “бэлгийн дарамт” гэсэн нэг үг, өгүүлбэр байхгүй. Зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд “ажлын байрны бэлгийн дарамт” гэсэн ойлголтыг бичсэн бөгөөд хүлээлгэх хариуцлага, шалгах процедурыг нарийвчлан зохицуулаагүй байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга торгох ял шийтгүүлбэл, торгуулиа төлөөд ирэх байх. Хэрэв хоригдвол манай улсад иргэнээ авчрах шаардлага бий болно. Хуулийн хүрээнд боломжгүй бол БНСУ-ын талтай улс төрийн хэлбэрээр ярилцаж болохоор байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.