Х.Мандахбаяр: Сэтгүүлзүйн салбарыг гутааж байгаа хүмүүсээс салах цаг болсон
2019 оны 11 сарын 12

Өнгөрөгч 2018 оны хоёрдугаар сард болсон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн 17-р Их хурлыг хууль бусаар зохион байгуулсан, мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон шинэ удирдлагын багийн гишүүдийг мөн хууль бусаар сонгогдсон гэх асуудлыг нэр бүхий хүмүүс ашиг сонирхлын үүднээс хөндөж эхэлсэн байдаг. Улмаар эвлэлийн Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, гүтгэх, тагнаж чагнах үйлдлүүд гаргаж эхэлсэнтэй холбогдуулан Х.Мандахбаяр иргэнийхээ хувиар Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газарт албан ёсоор хандаж байгаагаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ. Түүнчлэн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувиар нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчдийн хууль бус үйл ажиллагаатай хуулийн хүрээнд тэмцэх нь салбарын тэргүүний үүрэг гэдгийг онцоллоо.


Тэрбээр “Өнөөдрийн хэвлэлийн хурлаар би хоёр зүйлийг онцолно. Нэгдүгээрт нь, Сэтгүүлчдийн онц их хурал гэх зүйлийг санаачилж, зохион байгуулна гэдэг нэрийн дор намайг болон сэтгүүлчдийг гүтгэж байгаа хүмүүсийн талаар мэдээлнэ. Хоёрдугаарт, “ТВ-4” телевиз, Хатуумэдээ.мн сайтын найруулагч буюу өмнө нь миний хувь эзэмшдэг Breakingnews.mn сайтад найруулагчаар ажиллаж байсан Н.Мөнхтөр, нэр бүхий зураглаач нар хамтран гүтгэлэг зохион байгуулж, бусдыг шантаажилж,  заналхийлж хэвлэл мэдээллээр миний нэр хүндэд халдахыг санаархсан. Энэ бол эзэн холбогдогч нь тодорхой гэмт хэрэг. Оролцогч талууд нь маш тодорхой.

Иргэн Нарангэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Мөнхтөр, Т.Алтаншагай, Д.Баяржаргал гэдэг хүмүүс нийлээд өөрийг нь Мөнгөөнөө гэдэг хүнээр дамжуулан хөлсөлж авсан” гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл эдгээр хүмүүс удаа дараагийн лайв, мэдэгдэл хийхдээ “Иргэн Нарангэрэл өөрөө энэ хүмүүст хандаж, миний хүүхэд бол Х.Мандахбаярын хүүхэд гэж хэлсэн” гэж мэдээлдэг. Энэ хэрэг бол маш тодорхой баримтуудтай. Нэг талд нь Баяржаргал, Алтаншагай, Мөнхтөр гэсэн хүмүүс өөрсдийгөө энэ асуудалд оролцсон гэдгээ лайв, бичлэгээрээ нотлон ярьж байна. Нөгөө талд нь хохирогч эмэгтэй Нарангэрэл нь “Намайг гүтгэсэн, дарамталсан, өөрийнхөө хүүхдийг Х.Мандахбаярын хүүхэд гэж хэл, ингэж хэлэхгүй бол олон нийтэд цацна гэж шантаажилсан, мөн Австрали улс руу явуулж өгнө, их хэмжээний мөнгө өгнө гэх амлалтуудыг өгч байсан” гэдэг мэдээллийг хуулийн байгууллагад гаргасан байна. Тэгэхээр хэн нь энэ гүтгэлгийг захиалсан бэ, хэн нь түрүүлж хандсан бэ гэдгийг хуулийн байгууллага шалгагдаад нотлогдоно.

Миний хувьд юуг онцолж байна вэ гэхээр, миний нэр төрд халдаж байгаа учраас, гэр бүлийг минь үймүүлэх, гутаан доромжлох, нийгэмд эзлэх байр суурийг үгүйсгэх оролдлогууд хамтдаа явж байгаа маш ноцтой гэмт хэрэг учраас тодорхой баримтуудыг үндэслээд ярьж байгаа юм. Энэ холбогдох этгээдүүд нь иргэн Нарангэрэлд усны саванд тагнах чагнах төхөөрөмж бэлтгэн өгч, надтай харилцаа тогтоохыг шаардаж шантаажилсан, уулзсан, утсаар ярьсан гэдэг маш тодорхой баримтуудад үндэслээд ийм зүйл болсон гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн Х.Мандахбаярыг МНСЭ-ийн Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг хашиж байгаатай холбоотойгоор ашиг сонирхлын үүднээс явуулж байгаа үйл ажиллагаа гэж харж байгаа. Энэ ажиллагаанд маш олон хүн оролцож байгаа. Миний бие энэ асуудлаар өчигдөр /2019.11.11/ Цагдаагийн ерөнхий газар болон Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад албан ёсоор хүсэлт гарган уулзаж, нотлох баримтуудтай нь гаргаж өгсөн. Яагаад харьяа дүүргийн цагдаад хандалгүйгээр Цагдаагийн ерөнхий газарт хандах болов гэхээр өмнө нь яруу найрагч Б.Галсансүх, Н.Мөнхтөр нарт удаа дараа гомдол гаргаж байсан. Маш олон удаа намайг гүтгэж байсан. Цагдаад өгөхөөр зугтчихдаг, Зөрчлийн хэрэг үүсгээд 58 хоног очихгүй бол хэрэг нь хэрэгсэхгүй болчихдог. Ийм арга заль ашиглаад цагдаагаас зугтаад байдаг. Үргэлжлүүлээд миний гэр бүл, үр хүүхэд, ажил хэрэг, хайртай дотнын бүхэн рүү минь нулимсаар нэг жил өнгөрлөө. Энэ асуудлыг цагдаа шалгадаггүй, яагаад гэхээр Б.Мөнхтөр ирэхгүй байна гэдэг. Гэтэл Н.Мөнхтөр нь хэвлэлийн хурал, лайв хийгээд, юу ч болоогүй мэт явж байдаг. Б.Галсансүх одоо Онц их хурал зарлана гээд явж байдаг. Цагдаа хаана байна вэ. Энэ удаагийн хэрэг илүү ноцтой болж, бусдыг заналхийлэх хэрэг үйлдээд байна.

Хохирогч эмэгтэйн нэр болон регистрийн дугаарыг ТВ-4 телевизийн сэтгүүлч Д.Баяржаргал олон нийтэд цацсанаас үүдэн эмэгтэй амиа хорлохыг завджээ

Үүнээс илүү ноцтой зүйл бий. Эдгээр хүмүүсийн яриад байгаа иргэн Нарангэрэл гэдэг хүнийг би огт танихгүй. Ямар нэгэн байдлаар тааралдаж байгаагүй. Тэр хүний тухай ямар ч ойлголт мэдээлэл байхгүй. Гэтэл энэ хүнийг миний хүүхдийг гаргасан болгож ярьж байна. Энэ мэдээллийг би олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс эхлээд өөрийнхөө хуудаст нийтэлсэн. Ингэхдээ тэр иргэний телевизэд өгсөн ярилцлаганы дүрс, нэрийг нууцалсан. Тэрний дараа ТВ-4 телевизийн сэтгүүлч Баяржаргал энэ эмэгтэйн нэрийг, регистрийн дугаар, хүүхдийнх нь зургийг өөрийнх нь зурагтай сошлоор цацсан. Дараа нь түүнийгээ устгасан байсан. Гэхдээ бид баримтаар авч үлдсэн. Үүн дээр маш ноцтой зүйл яригдаж байгаа. Энэ хүмүүс Х.Мандахбаярын нялх амраг 12 настай гээд хүний санаанд оромгүй юм бичиж байгаа. Эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт хүнийг гүтгэж байгаа. Энэ асуудлаар эндээс гараад Тагнуулын болон Цагдаагийн газрын дээд шатны удирдлагуудад хандана. Ний нуугүй хэлье. Цагдаагийн доод шатны албан хаагч шийдвэрлэж чадахгүй байна. Нөлөөлөл орчихсон гэж хардаж байгаа. Өчнөөн олон хүнийг гүтгэсэн байна шүү дээ. Цагдаа нар яагаад энэ зүйлийг тогтоохгүй байгаа юм. Шалгахгүй байгаа юм.

Намайг ийм зүйл ярихааар МСНЭ-ийн Ерөнхийлөгч нь сэтгүүлчийнхээ эсрэг ярилаа гэнэ. Би энэ хүмүүсийг сэтгүүлч гэж үзэхгүй байна. Ийм сэтгүүлч байдаггүй. Одоо энэ сэтгүүлзүйн салбарын хатиг хагарах цаг болсон.

Н.Мөнхтөр, Д.Баяржаргал нар сошлд хохирогч эмэгтэйн хүүхэд болон өөрийнх нь зургийг цацсанаас хойш иргэн Нарангэрэл хоёр удаагийн үйлдлээр амиа хорлохыг завдсан гэдэг мэдээлэл авсан. Миний зурагтай нийлүүлээд хохирогч эмэгтэйн хүүхдийн зургийг гаргасан. Энэ чинь хүний нялх хүүхэд биз дээ. Ээж нь хэн ч байлаа гэсэн… Үүний цаана ямар ч асуудал байлаа гэсэн ингэж болохгүй. Энэ сэтгүүлзүй биш. Тийм учраас өнөөдөр би МСНЭ-ийн удирдлагын хувьд энэ хурлыг хийхээс өөр арга байсангүй. Ийм зүйлтэй цаашдаа эвлэрэхгүй. Салбарыг гутааж байгаа бузар булай, олон мянган сэтгүүлчдийн нэр хүндийг шавар шавхайтай хутгаж байгаа энэ хүмүүсээсээ салах цаг болсон. Гэхдээ хуулийн дагуу” гэлээ.


Тэрбээр үргэлжлүүлэн эдгээр хүмүүсийн зохион байгуулсан үйлдэл нь МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах гэсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

МСНЭ нь дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг бөгөөд 2015 оны нэгдүгээр сард хуралдсан МСНЭ-ийн 16-р Их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хуралдаж, удирдлагын шинэ баг хуулийн дагуу сонгогдон ажиллаж байгаа юм. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр удирдлагын багт байдаггүй, хамааралгүй байсан ба 17 дугаар Их хурлыг хийх шийдвэрийг Удирдах зөвлөлд багтаж байсан С.Шаравдорж нар гаргасан байдаг.

Хэвлэлийн хурлын үеэр бусдыг гүтгэх үйл ажиллгаанд хамтран оролцсон гэх нэр бүхий хүмүүс ирсэн байв

Хариулт үлдээх

Your email address will not be published.