Төлбөрийн бүх картыг чиптэй болгоно
2019 оны 11 сарын 14

 

Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд үндэсний брэнд болох төлбөрийн “₮ карт”-ыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүллээ.

Үндэсний брэнд “₮ карт”-ыг EMV/NFC технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжрах төдийгүй ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм.

Энэ хүрээнд олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч “Мастеркарт” байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд банкууд, финтек компаниуд, СЗХ, ХХЗХ, Монголын банкны холбоо болон Монголбанк, “Мастер Карт интернэйшнл” компанийн удирдлагууд оролцов.

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд “₮-карт”-ыг Монгол Улс дахь арилжааны банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулж, төлбөрийн системийн хөгжилд чухал ач холбогдол бүхий алхам хийсэн бөгөөд 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар “₮ карт” зах зээлийн 74.9%-ийг эзэлж, нийт 2.7 сая ширхэг “₮ карт” зах зээлд ашиглагдаж байна.

 

Эх сурвалж: Монголбанк

Хариулт үлдээх

Your email address will not be published.