АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21 албан тушаалтныг шалгаж байна
2019 оны 11 сарын 21

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж шийдвэрлэсэн байна.

Үүнээс 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлснээс 8 албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна.

Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлснээс ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, яамны газар хэлтсийн дарга 2 болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зэрэг албан тушаалтнууд байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.