Чуулганы хуралдаан эхэллээ
2019 оны 11 сарын 29

2019-11-29-Улс төр

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ.

Одоо тус хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  Туул гол дагуу аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл авсан хэрнээ таун хаус босгож, хууль зөрчсөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон. Гэхдээ Туул голын эрэг дээр балгас байж болохгүй учраас салбарын яам нь үр дүнг нь үзээсэй. Бодит ажлынхаа үр дүнг үзэх ёстой. Туул голын орчин тойрон аялал жуулчлалын бүс болж хөгжих ёстой.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: 

Туул голтой холбоотой асуудал дээр салбарын яам Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу хяналт тавин ажиллаж байна. Гэвч шүүхээс  энэ асуудал дээр “Компанийн эрх ашгийг зөрчсөн” гэдэг шийдвэр гарсан учраас салбарын яам хүчин мөхөстөж байна.

Хуулийн дагуу үйл ажиллагаа явуул гэдэг ч биднээр төлөвлөгөөгөө батлуулсны дараа хууль зөрчдөг.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

Байгал орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор байгаль орчны төлөв байдлыг жил бүр сонсдог. Энэ тайланг ард иргэдээр нийтээр хэлэлцүүлэх шаардлага байна. Байгаль орчин ямар доройтолд орчихоод байгааг ойлгохгүй байна. Байгаль орчны доройтлын шалтгааны 50 гаруй хувь нь хүний үйл ажиллагаа, байгаль орчны онц аюултай үзэгдлээс үүдэлтэй байна.

Өнгөрсөн 20 жилийн дотор байгалийн онц аюултай үзэгдэл 10 дахин нэмэгдсэн. Үүнээс болж 564 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирч, 400 гаруй хүн амиа алдсан байна. Уул уурхайн олборлолтоос болж 24 мянган га газар эвдэгдсэн, гэтэл нөхөн сэргээгдсэн нь 6700 га талбай байна. Дөрөвний нэгийг л сэргээж. Бэлчээрийн даац 20 сая толгой малаар хэтэрсэн байгаа. Жил бүр ойн түймэрт хэдэн га газраа алдаж байна. Дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа нь сайн ч байгаль хамгаалах асуудал хүнд байдалд орсон.

Норвеги зэрэг оронд ногоон ажлын байр бий болгох хөдөлгөөн амжилттай өрнөж байна. Монголд хамгийн тулгамдсан асуудал. Өнөөдрийн энэ хуулиар хийх өөрчлөлт нь эрх мэдлийг аймагт төвлөрүүлэх бус байгалиа хамгаалах чиглэл рүү иргэдээс гарч байгаа санаачлагыг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг бий болгох. Гол горхи сэргээж байгаа хүмүүст эдийн засгийн ямар дэмжлэг үзүүлэх юм. Ийм хөшүүрэг байх ёстой.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат

-Шат шатанд хүндрэл байгаа. Орон нутгийн удирдлагууд асуудал үүсгэдэг. Тухайн байгууллагатай хариуцлага тооцож чаддаггүй. Урт  нэртэй хууль дээр хамгаалалтын бүсийг тусгайлан зааж өгсөн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутагт хангалттай байгаа. Гэхдээ тухайн орон нутаг зарцуулах тал дээрээ муу байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.