Хуучин тогтолцоогоор сонгууль явуулбал ашигтай гэж бодсон бололтой
2019 оны 12 сарын 17

-Бие даагчид олноор сонгогдох магадлал байхгүй-

УИХ-д өргөн барьсан 50+26 хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөх эрсдэлтэй тул МАН өнөөдөр сонголтоо өөрчилж, томсгосон мажоритар хувилбарыг сонгож байгаагаа мэдэгдлээ. Өмнө нь гурван ч удаа тухайлбал, 1992, 2008, 2012 онуудад ашиглаж байсан томсгосон мажоритар тогтолцоо нь улс орны хөгжилд илүү чухал нөлөөтэй хэмээн үзэж, 2020 оны сонгуулийг ийм хувилбараар явуулахаар болж байна. Тэгвэл томсгосон мажоритар тогтолцооны нааштай тал нь юу вэ? Үнэндээ бүс нутгийн хөгжлийг дэмжих хамгийн боломжтой хувилбар. Жалга довын үзэл гаргаж, өөрийн сонгогдсон жижиг тойрог бүртээ хөрөнгө нааш цааш татаж чангаацалдахгүй. Энэхүү тойргийн хуваарилалтаар сонгууль явуулбал улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа болохоор өнгөрсөн хугацаанд гацаж байсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих, бодлогын гажуудал засагдах боломжтой юм. Хамгийн гол нь гишүүдийн хувийн тоглолт үгүй болох өндөр магадлалтай.

Харин эсрэгээрээ гэвэл олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын тэгш эрх зөрчигддөг талтай. Юу гэхээр томсгосон тойргоор нэг мандаттай аймгийн сонгогчид ганцхан хүнд саналаа өгөх бол, нийслэлийн нэг дүүргийн сонгогч гурван хүний нэрийг дугуйлах боломжтой байх жишээтэй. Мөн хүн ам багатай хоёр аймагт нэг мандат олгодог бол, олон хүн амтай нэг аймагт 2-3 мандат олгох нь ч бий. Тиймээс сонгогчдын тэгш эрх талаасаа шүүмжлэл дагуулаад зогсохгүй, нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, хагаралдан намын төлөвшилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг байна. Үүний хамгийн тод жишээ нь 2008 оны сонгууль юм.

Томсгосон мажоритар тогтолцооны талаар Улс төр судлаач Д.Уламбаяр “Томсгосон тойргийн давуу тал нь сонгуульд мөнгө цацдаг байдал өөрчлөгдөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, нэр хүнд, мэдлэг чадвартай эсэхээс үл хамааран хэн мөнгөтэй нь сонгуульд ялдаг байдал өөрчлөгдөх болов уу. Мөн улсын төсвийг үргүй зарцуулах байдал өөрчлөгдөх боломж бий. Улс орны өмнө тулгамдсан томоохон бүтээн байгуулалт, том төслүүдээ түрүүлж хийх боломжтой болно.

Харин Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэх мэт улс төрд олон жил болсон гишүүд эсвэл намын дарга нар дахин сонгогдох боломжтой. Харин бие даагчид олноороо сонгогдох магадлал бараг байхгүй. Харин С.Жавхлан шиг улс орны хэмжээний супер од байвал сонгогдох магадлалтай. Үүний зэрэгцээ томсгосон тойрог нь жижиг намуудад ихээхэн халгаатай хуваарилалт юм” гэж дүгнэж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.