Өвөл, хавар морь уралдуулах тухай хуулийг санаачилсан гишүүд нь эргүүлэн татлаа
2019 оны 12 сарын 27

Өвөл, хавар морь уралдуулах тухай хууль буюу Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гишүүд нь эргүүлэн татахаар болсноо мэдэгджээ.

Иймд хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй гэж шийдсэн талаар УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн бариад байсан.

Хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах заалт бүхий хуулийн төсөлд иргэд шүүмжлэлтэй хандсан юм.

Хэдийгээр хаврын тэргүүн сар гэж буй боловч хүйтний эрч сулраагүй үед хурдан морины уралдааныг зохион байгуулж байгаа нь хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй тул иргэдийн эсэргүүцэж байсан юм. Тэгвэл 2000-2019 он хүртэлх хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр нь хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 14-ний өдрүүдэд таарч байгаа бөгөөд 2010-2019 онуудад энэ өдрүүдийн цаг агаар 09:00 цагийн байдлаар хамгийн багадаа -13 ихдээ -27 хэмийн хүйтэн байх аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.