Сэтгүүлчид анх удаа “Оны онцлох эдийн засагчид”-ыг шалгаруулав
2020 оны 1 сарын 1
Сэтгүүлчид анх удаа "Оны онцлох эдийн засагчид”-ыг шалгаруулав

Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс анх удаа “Оны онцлох эдийн засагч” гурван эрхмийг шалгарууллаа. Тус клубын 40 гаруй сэтгүүлчийн үнэлж дүгнэснээр, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, эдийн засагч Ө.Ганзориг, Л.Наранбаатар нар “Оны онцлох эдийн засагч”-аар тодорсон юм.

А.Ариунзаяа ҮСХ-ны даргаар томилогдсоноосоо хойш статистик мэдээллийг энгийн, ойлгомжтой, нээлттэй болгож, олон нийтэд хүртээмжтэй байх чиглэлээр олон шинэчлэл хийсэн нь үр дүнгээ билээ. Мөн Монгол Улсын статистик мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байдлаараа бүс нутагтаа тэргүүлж, дэлхийн улс орнуудаас эхний 10-т эрэмбэлэгдэх болсон юм.

Ө.Ганзориг Дэлхийн санхүүгийн музейг Монголд үүсгэн байгуулж, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй билээ. Тэрбээр тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлыг манлайлан эхлүүлээд буй юм.

Л.Наранбаатар 2019 оны турш жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Ялангуяа, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй болгох, 1072 хувьцааны ногдол ашиг, түүний үр шимийг олон нийтэд хүргэх ажлыг санаачлан хийж буй юм. Тиймээс сэтгүүлчид түүнийг эдийн засгийн салбарын 2019 оны онцлох эрхмээр шалгаруулав.

Шагнал гардуулах үеэр Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубын Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Б.Баяртогтох “Энэхүү шалгаруулалтыг цаашид уламжлал болгон явуулахаар төлөвлөж байна” хэмээн хэлсэн юм.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.