С.Чинзориг: Цаашид тэтгэврийн зээл олгохгүй
2020 оны 1 сарын 6

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Иргэд тэтгэвэр барьцаалсан зээл авч байгаа хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, Иргэдийн амьжиргааны түвшнээс үүдэн зээл авч байна. Хоёрдугаарт, Засгийн газраас тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. 2016 онд тэтгэвэр барьцаалсан зээл 15 хувь байсныг таван хувиар буулгаж нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээл 10 хувийн хүүтэй байна. Хоёр ба түүнээс дээш жилийн тэтгэвэр барьцаалсан зээл 18 хувийн хүүтэй байсан бол өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн 15,6 хувийн хүүтэй болгож буулгасан. Ингэснээр арилжааны банкуудаас олгож байгаа хамгийн бага хүүтэй зээл нь  тэтгэврийн зээл болсон.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барьсан Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дөрвөн чиглэлийн иргэдийг хамруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэгдүгээрт, НДС-аас өндөр настай иргэд тэтгэвэр барьцаалсан зээл авсан бол энэ хуульд хамрагдана.

Хоёрдугаарт, НДС-аас ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэр барьцаалан зээл авсан бол энэ зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн үйлчлэлд хамаарна.

Гуравдугаарт, НДС-аас тэжээгчээ алдсаны тэтгэмжээ барьцаалан арилжааны банкнаас зээл авсан бол иргэд бас хамаарна.

Дөрөвдүгээрт, цэргийн тэтгэвэр авдаг иргэд бас хуулийн үйлчлэлд хамаарна. Хуулийн төслөөр бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээл авсан иргэдийн зээлийг тэглэх юм. Тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэгдлийг нь барагдуулахаар тусгажээ

ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд гаргах замаар тэтгэврийг зээлийг төлөх арга хэмжээ авах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ийм учраас Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох  замаар эх үүсвэр босгож тэтгэврийн зээлийн үлдэгдлийг төлөх нь зүйтэй гэж хуулийн төсөлд тусгасан. Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох асуудал яригдаж байна. Гурав хүртэл сарын хугацаатай, хүүгүй тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргах саналтай байгаа” гэлээ.

Х.ИНДРА

One thought on “С.Чинзориг: Цаашид тэтгэврийн зээл олгохгүй

  1. just

    Мэдээлэлд ойр хөгшчүүд хэдэн арван саяаар нь оны өмнө авсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.