Л.Наранбаатар: Салхитын мөнгөний ордоор тэтгэврийн зээл тэглэх боломжгүй
2020 оны 1 сарын 13

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб сар тутам нийгэм, эдийн засгийн цаг үеийн асуудлаар тогтмол хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн. 2020 оны анхны хэлэлцүүлэг “Тэтгэврийн зээлийг тэглэх: Үр дүн ба үр дагавар” сэдвээр / 2020,01,08 / өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Эдийн засагч Л.Наранбаата, МУИС-ийн багш, доктор Б.Отгонтөгс, Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар нар оролцлоо.

 Тэдний байр суурийг нэгтгэн хүргэе.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми:
-Тэтгэврийн зээлийг тэглэлээ гээд ахмадуудын амьдралд ямар ч ахиц өөрчлөлт бий бoлохгүй. Урт хугацааны шийдэл бол тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэх юм. Тэтгэврийн зээл тэглэхэд зарцуулах 800 тэрбум төгрөгийг нийт ард түмнээрээ төлнө. Тэтгэврийн зээлийг тэглэснээр үзүүлэх хамгийн том нөлөө бол төгрөгийн ханшийн сулрал. Цагаан сараас өмнө энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Тэгэхээр тийм их хэмжээний мөнгө эдийн засагт орж ирэх нь төгрөгийн ханшийг сулруулна. Хэрэв энэ шийдвэр баталгаажсан тохиолдолд эдийн засагт бага багаар мөнгө оруулах хэрэгтэй. Огцом бөөнөөр оруулсан тохиолдолд төгрөгийн ханшны сулралд хүргэнэ.

МУИС-ийн багш Б.Отгонтөгс:

– Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Салхитын мөнгөний ордыг барьцаалаад, Хөгжлийн банк бонд гаргана. Тэр бондыг арилжааны банкууд худалдаж авах болно. Салхитын ордыг олборлоод, дэлхийн зах зээлд борлуулаад орж ирсэн мөнгөөр арилжааны банкуудад төлөх юм байна гэж судлаачид үзэж байна. Монголбанк дахин мөнгө хэвлэх нь дөнгөж сэргэж байгаа эдийн засагт сөрөг нөлөөтэй. Төрөөс явуулж байгаа бодлого орлогын тэгш бус байдлыг бууруулах, тэгш байдлыг хангахад үйлчлэх учиртай. Энэ шийдвэр тэтгэврийн насны хүмүүсийн дунд ч тэгш бус байдлыг үүсгэж байна.

 Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар:

-Нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 310,000 төгрөгийн тэтгэвэртэй. Судалгаагаар тэтгэврийн зээл авсан хүмүүсийн 90 гаруй хувь нь зургаан сая хүртэл төгрөгийн зээлтэй байгаа. 10 000 гаруй нь 15 сая орчим төгрөгийн зээлтэй, 4000 хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй гэсэн дүн байна. Ахмадын холбооноос нэг л тоо хэмжээгээр тэглээч, дийлэнх нь 5-6 сая төгрөгийн зээл авсан юм бол түүгээр нь баримжаалаад тэглэчих. Түүнээс их зээл авсан хүмүүс бол амьдралын бололцоотой, үр хүүхэд нь зээлийг нь төлнө гэсэн баталгаатай хүмүүсийн зээлийн зарим хэсэг үлдэнэ л биз. Тэтгэврийн зөрүүг арилгахыг өчнөөн жил хүлээсэн хүмүүсийнхээ тэтгэврийн зөрүүг арилгахад хэдэн төгрөг зарцуулаач гэж хүсч байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310,000 байгаа. Тэтгэврийн дээд хэмжээний талаар хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан 800 мянгаас дээш тэтгэвэртэй хүмүүс нийт тэтгэвэр авагчдын гурав орчим хувийг эзэлж байгаа. Нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 310,000 төгрөгийн тэтгэвэртэй. Ийм хэмжээний тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцдэггүй учраас олон ахмад зээл авдаг.
Зээлийг төрөөс төлөх болсонтой холбоотой 233,000 ахмад баяртай байгаа ч 180,000 ахмад тэтгэврээ зээлдэг байж гэж сууна.
Бид тэтгэврийн зээл тэглэхийг буруу шийдвэр гэж хэлэхгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах талаар олон жил ярьж байгаа. Тэтгэврийн зээл гэдэг яг банкны зээл биш шүү дээ. Тэтгэврээ урьдчилж аваад, энэ дээр нь банкууд хүү авч байсан юм. Тэтгэврийн зээл тэглэх асуудлаа нарийн авч үзэхгүй бол ахмадуудаа ахиад молигодсон, улс төрийн шоу болгоод өнгөрөх харамсалтай явдал гаргуулмааргүй байна. Ихэнх нь зээл авч, үр хүүхдэдээ гай болохгүй гэж сарын тэтгэврээрээ амь зууж байгаа хүмүүс. Шинэ он гарахаас өмнө зээлээ төлье гээд нэлээд ахмадууд зээлээ төлсөн байдаг.

Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар:

-Би Уул уурхайн инженер-эдийн засагч мэргэжилтэй. Австрали-Азийн уул уурхай, металлургийн институтийн гишүүний хувьд ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр, үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй байдаг. Судлаач, мэргэжилтний хувьд ард иргэддээ үнэ зөв мэдээлэл хүргэх ёстой гэж бодсон. Тийм учраас хаалттай байгаа Салхитын ордын мэдээллийг өөрийн зүгээс эрэн сурвалжлаад олж үзсэн. Надаас гадна олон хүн энэ талаар мэдээлэлтэй байгаа. Яагаад чимээгүй байгааг би хувьдаа ойлгохгүй байна.

Салхитын мөнгөний ордын талаар, техникийн мэдээллийг та бүхэнд хүргэе.

Салхитын Техник эдийн засгийн үндэслэлийг олж үзэхэд энэ маш жижигхэн орд юм байна. Хөрөнгө оруулалт нь 32 тэрбум төгрөг. ТЭЗҮ-г нь үзэхээр ил уурхайгаас авах боломжтой нөөц нь 680 тонн мөнгө байгаа юм. Олборлолт хийхдээ мөнгө, алтыг нь цэврээр нь ялгаж авах бололцоогүй. Алттай баяжмал шороо хэлбэрээр ухаж аваад цааш нь зарах юм билээ. Эдийн засгийн үр ашгийг харахаар энэ төсөл бүхэлдээ 982 тэрбум төгрөгийн орлоготой байх нь ээ. Долоон жилийн хугацаанд олборлоно. Жилд 300 мянган тонн хүдэр олборлох юм байна. Өөрөөр хэлбэл жилийн олборлолт нь Эрдэнэс таван толгой компанийн өдрийн олборлолтоос бага гэсэн үг. Долоон жилийн хугацаанд 982 тэрбум төгрөгийн орлого олоод, 652 тэрбумын зардал гаргана. Татвар, шимтгэл, хураамжаа төлөөд 250 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлдэх юм билээ.

Төгсгөлд нь хэлэхэд сонгууль хүртэл энэ тэнэглэл үргэлжилнэ. Иргэд сонгуульд саналаа өгөх замаар л үүнийг зогсоох боломжтой. Сольж чадахгүй бол тэнэглэл үргэлжилнэ

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Нийт орлого – 989 тэрбум төгрөг
Нийт зардал – 652 тэрбум төгрөг
Хөрөнгө оруулалт – 32 тэрбум төгрөг
Цэвэр ашиг-251 тэрбум төгрөг
Өнөөгийн үнэ цэнэ буюу үнэлгээ- 122 тэрбум төгрөг

Хариулт үлдээх

Your email address will not be published.