Монголбанкнаас 2020 онд нүүрсний экспортод анхаарахыг санууллаа
2020 оны 2 сарын 5

Монголбанкнаас сар бүр хийдэг мэдээллээ өнөөдөр хийлээ.  Мэдээллийн эхэнд Монголбанкнаас боловсруулдаг мөнгө санхүү, гадаад секторын статистикийн 2019 оны эцсийн байдлаарх дүнг танилцуулсан юм. Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа 2020 оны эдийн засгийн төлөв байдал ямар байх. Дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирус эдийн засагт хэрхэн нөлөөлөх, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхэд бололцоотой болж байна. Хэдийгээр 2019 оны эдийн засгийн нөхцөл байдлын эцсийн дүн хоёрдугаар сарын дундуур гарахаар байгаа боловч бусад богино давтамжтай тоог үзүүлэлтүүд гарч байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг харахад, дотоодын эдийн засгийн өндөр өсөлт сүүлийн 3 жил хадгалагдаж байна. Ялангуяа 20172018, 2019 оны эхний гурван улирлаар эдийн засгийн өсөлтийг авч үзвэл, 6 орчим хувьтай байгаа. 6 орчим хувийн өсөлтийг тэтгэхэд гол хувь нэмэр оруулсан зүйл нь хөрөнгө оруулалтын эрэлт. Хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилд багагүй өслөө. 20-30 хувийн тогтмол өсөлттэй байсан. 2019 онд ч гэсэн 20 орчим хувийн өсөлттэй гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

2020 оны хувьд хөрөнгө оруулалтын эрэлт ерөнхийдөө намжина. 10 орчим хувь руу өсөлт нь бууж ирэх болов уу. Эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулж байгаа өрхийн хэрэглээ гэдэг үзүүлэлтийг авч үзвэл, сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн. 3-5 хувийн өсөлттэй байсан. 2020 оны хувьд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа. Цалингийн болон бодит орлогын өсөлт нь хэрэглээний өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Тодорхой нөлөөлөх хүчин зүйлүүдийг аваад үзвэл 14 хувийн өсөлттэй байх тооцоолол бий. Энэ нь хэрэглээний өсөлтөд дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талдаа өрхүүдийн зээл, өрийн дарамтад эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Анхаарал хандуулах ёстой нэг зүйл бол экспортын хэмжээ. 2020 оны экспортод сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа нүүрсний экспортод худалдааны түнш орнуудтайгаа,  бизнесийн байгууллагуудтай ажиллах ёстой, төрийн зүгээс. Хувийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс ч гэсэн. Нөгөө талдаа эдийн засгийг тэтгэхэд импортын төлөв байдал ямар байх вэ гэдэг асуудал. 2019 он бол импорт тогтворжсон жил болсон. Сүүлийн 2-3 жил ажиглагдсан өндөр хөрөнгө оруулалтын эрэлт намжиж байна гэдгийг харж болно. Мөн хэрэглээний импорт ч гэсэн буурч байгаа. Тухайлбал, 2018 онд импортын өсөлт 35 орчим хувьтай байсан. Харин 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлгээр 3 орчим хувьтай гарах болов уу. Энэ дотроо задлаад аваад үзвэл, шатахуун, түлш, хөрөнгө оруулалтын чанартай машин, тоног төхөөрөмжүүдээс бусад хөрөнгө оруулалтын хэмжээ тогтворжсон.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь Засгийн газрын хэрэглээ байдаг. 2020 оны батлагдсан төсвөөр эдийн засагт нэлээд дэмжлэг үзүүлсэн жил байхаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал өнгөрсөн оныхтойгоо ойролцоо түвшинд байгаа. Дотоод эдийн засагт дараагийн анхаарах зүйл нь инфляцийн төлөв байдал. Эдийн засгийн дотоод тэнцэл балансжсан байж чадаж байна уу, үгүй гэдгийг харуулдаг. 2019 оны инфляцийн түвшин 5.2 хувь руу бууж ирсэн. Энэ нь Төв банкны 8 хувийн зорилтыг хангасан үзүүлэлт.

Санхүүгийн зах зээлийн төлөв байдлыг харахад, зээлийн өсөлт тогтворжсон он байлаа. 2020 онд ч гэсэн энэ хэвээр үргэлжлэх байх. Зээлийн өсөлтийг сааруулж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, хэрэглээний зээлийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс нэлээд буурч ирсэн. Ялангуяа 2018 оны мөн үеэс. 2018 оны сүүлийн 11, 12 сард огцом өссөн хэрэглээний зээлийн түвшний нөлөө бас бий. Валютаар нь аваад үзвэл төгрөгийн зээл 11-12 хувийн өсөлттэй байгаа. Харин валютын зээл 20 гаруй хувиар буурч байгаа нь нийт зээлийн өсөлт буурах нөлөө үзүүлж байна. Валютын зээл буурч байгаа нь сайн үзүүлэлт” хэмээлээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.