С.ДЭМБЭРЭЛ: ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр сонголт байхгүй
2020 оны 2 сарын 15

Монголбанкны Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Манай улс 1990 оноос хойш зургаа дахь удаагаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байна. Байж байгаад аврал эрж очихоос аргагүй байдалд хүрдэг байдлаас гарах ямар боломж байна вэ? 

-2012 оны эцэс гэхэд дэлхийн “супер цикл” дуусаад, эдийн засаг хэцүү болж эхэлсэн. Тиймээс өрийн удирдлагыг амжилттай хийхийн тулд 2015 онд Монгол Улс Өрийн удирдлагын хууль баталсан, 2016 оноос хэрэгжээд явж байна. Одоо манай хуримтлагдсан өр төлөх процесс 2021-2024 он хүртэл хугацаанд явагдана. Энэ бүхнийг зөв удирдахын тулд, зөв менежмент хийхийн тулд өрөө дарах, төлөх хугацааг нь хойшлуулах, өрийн бүтцийг дахин өөрчлөх, хөнгөлөлтийн нөхцөл болон хугацааг нь нэмэгдүүлэх, үндсэн болон хүүгийн төлбөрийг нь хөнгөлөх зэрэг маш олон аргыг Олон улсын валютын сангийн нэр хүндийг ашиглаж, хамтарч Монгол Улс хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа 2020 оны шинэ Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Өөр сонголт байхгүй. ОУВС-г “хадны мангаа” гэж ойлгуулаад, бид өөрсдөө “алж өгнө” гэдэг хуурамч эх орончид байдаг л даа. Уучлаарай, бид бодлогын мэдлэг муутай. Мөн бид бодлогын их цамаан зантай. Гуравдугаарт, бидний их хөөрөлт буюу дэлхийн зах зээл дээр түүхий эдийн “салхи” аятайхан болоод ирэнгүүт бид хэтэрхий их нийгмийн хөтөлбөрүүд амалдаг. Энэ бүхэн эдийн засагтаа дарамт болдог, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлдэг. Эсвэл бид эдийн засгийн өндөр өсөлтийн тодорхой нэг үед хууртагддаг. Энэ мэт бодлогын гэнэн байдал манай аль ч Засгийн газрын үед хавтгай, түгээмэл байсан. Тийм учраас биднийг бодвол бодлогын бичиг үсэгт илүү тайлагдсан олон улсын туршлагатай, маш олон улс орнуудад хөтөлбөр хэрэгжүүлсэн олон улсын байгууллагатай хамтарч ажиллах ёстой.

-2019 онд Монгол Улсын нийт гадаад өр түүхэнд байгаагүй хэмжээнд очиж, 29.7 тэрбум ам.доллар болсон. Үүний 7.2 тэрбум нь Засгийн газрын өр. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд яаж төлж барагдуулах чигтэй байна вэ?

-Нийт гадаад өрийн 12 хувийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын дүрмийн санд оруулсан хөрөнгө зээл гээд явдаг. Дээр нь Төв банкны төгрөг, юанийн солилцооны хувь бий. Тэр талаасаа гайгүй. Яг 7.2 тэрбумыг 2020-2024 оны хугацаанд төлөх юм. Зөв менежмент хийвэл нэг их айх асуудал биш. Би санаж байна. 2016 онд Монгол Ардын нам нэг хүнд тэдэн саяын ч бил үү, долларын өр оногдлоо гээд тэнэгтээд эхэлсэн. Хүмүүсийг өөртөө татахын тулд бид их мундаг, бид өргүй болгоно гэсэн тэнэг юм боддог. Нөгөө нам нь нэг хүнд оногдох өр тэд боллоо гээд харилцан тэнэглэлцэх юм яваад байна. Эцсийн эцэст хүн амд хуваах нь ч өөрөө утгагүй. Тийм үзүүлэлт байдаггүй. Өр, дотоодын нийт бүтээгдэхүүний орлого, татварын орлого ч гэдэг юм уу, өрийн зохистой байдлын үзүүлэлтүүд гээд манай Өрийн удирдлагын хуулинд байгаа. Энэ дагуу өр нь зохистой байна уу, үгүй юу гэдгийг улирал болгон хянадаг баг Сангийн яам, Монголбанк, ОУВС-д бий. Тэд Монгол Улсын өрийн тогтвортой байдал алдагдах нь уу, үгүй юу. Энийгээ юугаар төлөх вэ, валютын орлого нь яаж орж ирэх вэ, гадны хөрөнгө оруулалт нь яах вэ, экспорын орлого ямар болох вэ гээд хянана. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтаа хөөж болохгүй. Үндэстэн дамнасан корпораци, нэг улсын нөлөө гэсэн юм ярьж болохгүй. Хөрөнгө оруулалтаа урь. Ингэхийн тулд хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруул. Орчныг нь сайжруулна гэдэг маань гадны хөрөнгө оруулагч орж ирчихээд шоронд суучихдаггүй, хүний эрхийн хувьд эрхийг нь зөрчдөггүй, гадуур явж байхад нь тархийг нь хагалчихдаггүй л байх хэрэгтэй. Монголын иргэд амар тайван амьдраад, бизнес хийдэг шиг тийм нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жил бүр Дэлхийн банкнаас гаргадаг бизнесийн эргэлтийн индексээр манайх бүр ухарчихсан байна. Дээр нь манай энэ засаглал их данхайсан, том толгойтой болсон байна. Засаглалынхаа том толгой энэ тэрийг багасгах хэрэгтэй. Төр эдийн засагт хэт их оролцож болохгүй. Энэнээс болоод авлига өснө. Авлигын төсөөллийн индексээр манай улс ухарчихлаа. Реформ хийгдэхгүй байгаа учраас “Тэд идэж уугаад байна. ЖДҮ-чингүүд гараад ирлээ” гэх мэт мэдээллүүд хүмүүст төрийг үзэн ядах ойлголт төрүүлж, авлигын төсөөллийг нь улам муутгах ойлголт л өгнө. Энийгээ л боль гэсэн үг.

ХЭН МАНАЙД ОРЖ ИРЭХ ЮМ БЭ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард өмнөх сараас экспорт 55.7 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарчээ. Экспортолж л байвал манайд валют орж ирнэ. Экспорт буурч байгаа нь бодлоготой холбоотой юу? Юу нөлөөлж байна вэ?

-Урсгал мэдээлэл зарим сар, улиралд өөр гарна. Экспорт нь их, импорт нь бага гэж, хүчээр хийгээгүй цагт сайн. Импортыг хүчээр багасгавал утгагүй болдог. Экспортыг нэмэгдүүлэх хоёр л том суваг байна. Дотор нь хуваавал, уул уурхайн экспорт, уул уурхайн бус экспорт. Уул уурхайн экспорт гэхээр нүүрс, зэс, алт, түүхий нефть энэ дөрөв манай экспортын гол түүхий эд, хайлуур жонш зэрэг 10-аад түүхий эд орно, тэр 10-аа л нэмэгдүүлье л дээ. 80:20, 70:30, 60:40 болгоё. Өөрөөр хэлбэл, маш олон боломж байна. Гурван сая хүн амтай жижиг үндэстэнд хоёр том зах зээлийнхээ дунд экспортолчих юмсан, энэ хоёрынхоо зах зээлийг сайхан мөлжчих юмсан гэсэн ийм л бодлогын уур амьсгалыг үүсгэх ёстой.

-Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр гэж яриад л байдаг?

-Олон ч жил ярьсаар ирлээ. Тэр нь хувийн хэвшил дээр тулгуурлаагүй, хувийн хэвшил нь тодорхой төслүүд дээр тулгуурлаагүй, түүнийг нь санхүүжүүлэх санхүүжилтийн олигтойхон эх үүсэр нь банк санхүүгийн байгууллагуудтай олигтой ярьж тохироогүй. Олон улсын байгууллагуудтайгаа манай улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх ийм туслалцаа хэрэгтэй байна, ингэмээр байна гэсэн бодлогоо тодорхой болгоогүй. Энэ бүхний улмаас олон жил урсгалаар явж байна. Экспорт нэмэгдэж байвал сайн. Гэхдээ заримдаа улирлын шинж чанартай ч гэдэг юм уу, эсвэл оны эцэс эхээр хорогдох, нэмэгдэх нь байна. Эцсийн дүндээ худалдааны тэнцэл нэмэх гарч байвал сайн.

-Та түрүүн импортыг хүчээр хийж болохгүй гэлээ. Яавал зохих вэ?

-Импортыг аль болох чөлөөтэй хийх хэрэгтэй. Жишээлбэл, чи импорт хийдэг хүн байлаа гэхэд гааль дээр хэн нэгэн оймсондоо мөнгө чихээд сууж болохгүй гэсэн үг байхгүй юу. Тийм биз дээ. Учир зүггүй аваад, тэр хүмүүс нь баригдаад… Бизнес чөлөөтэй хийгдэж байж зардал багасна. Зардал багасвал үнэ буурна. Үнэ буурвал инфляци гэдэг юм чинь буурна. Тэгэхээр бидний худалдан авах чадвар нэмэгдэнэ. Нөгөөдүүл чинь төрийн хүнд суртлын зардлыг хэрэглэгчийн зарж байгаа үнэдээ шингээнэ биз дээ. Энэ мэтээр цаашдаа явах. Дээр нь гадаад худалдаагаа чөлөөтэй тавих хэрэгтэй. Гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын хүнд суртлыг байхгүй болгох хэрэгтэй. Энэ хүнд суртлыг байхгүй болгох нь мөнгө гаргахгүйгээр эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг.

-Монголд гадны банк оруулж ирснээр өрсөлдөөн үүсч, иргэд хүү багатай зээл авах боломж бүрдэнэ гэж зарим хүн үздэг. Та санал нийлэх үү?

-Хэн манайд орж ирэх юм бэ. Манайх Хятадын банк оруулах хүсэлгүй биз дээ. Гадны банк гэхээр Орос, Хятадын банк энэ жижиг зах зээл дээр яах гэж орж ирэх юм бэ? Ер нь гадаадын нэлээн том банкуудын төлөөлөгчийн газар хэзээ байсан бэ гэхээр уул уурхай ид оволзож байх үед л байсан шүү дээ. Уул уурхайн цикл буюу орчлыг дагалдаж явдаг. Гадны хөрөнгө оруулалтууд, гадны компаниуд нэмэгдээд ирэхээр тэдний гүйлгээ хийх нь нэмэгдэнэ. Монгол гэдэг жижиг орон, зах зээл нь жижиг ч гэсэн гадагшаа үйлчилгээ хийх, санхүүгийн хөрөнгө оруулах, шилжүүлэх асуудал байдаг учраас гадны банкууд сонирхоно л доо. Эцсийн дүндээ яах гэж гадны банк оруулах гээд байгаа юм бэ? Олон улсын банкны үйлчилгээ энэ тэрдээ биш. Монголын банкууд олон улсын стандартуудыг нь даваад, үйлчилгээнүүддээ санхүүгийн технологи финтек гэдэг юмыг оруулаад, ер нь дутахгүй. Тухайлбал, манайх Оросын банкуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Урд хөрш хэтэрхий цахим нийгэм болж байгаа учраас Хятадынхыг мэдэхгүй байна. Хамгийн гол нь хүмүүсийн хүсэл хүү багатай зээл авах.

-Хүү багатай зээл хэзээ үүсдэг вэ?

-УИХ зээлийн хүүг хязгаарлах хууль батласнаар хэзээ ч хүү буурахгүй. Харин ч эсрэг үр нөлөөтэй. Өрсөлдөөн үүсгэх. Гадны банк оруулна гэдэг чинь өрсөлдөөн үүсгэнэ гэдэг монгол хүний гэнэн бодол байхгүй юу. Гадны банк орж ирлээ нэг хувийн хүүтэй байна гэж байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт, гадны банк оруулж ирэхгүй суурь шалтгаан нь саяных. Яагаад гадны банктай, банкгүй өрсөлдөөн өрнүүлж болохгүй байгаа юм бэ? Одоо банкууд эх үүсвэрийн төлөө өрсөлдөж байна. Чамайг өөрийнхөө хадгаламж эзэмшигч болгох гээд. Нэг хэсэг бизнесийн зээлээрээ өрсөлдөж байлаа. Тэгэхээр энийг зөвхөн эх үүсвэрийн төдийд биш санхүүжилтийн хувьд өрсөлдөөнийг үүсгээд, дотоодын орчноо бас сайжруулах хэрэгтэй. Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, ялангуяа 600-гаад банк бус санхүүгийн байгууллагаас төвлөрсөн байдлаар явах. Миний бодлоор овоо томорсон банк бус санхүүгийн байгууллагуудад банкны зарим эрхийг өгөх хэрэгтэй. Хадгаламж авах ч гэдэг юм уу, хязгаарлагдмал, өрсөлдөөн гаднаас нь оруулах ийм оролдлого хийж болох юм гэж боддог. Хоёрдугаарт, гадны банк, жишээлбэл Хятадын Bank of China орж ирнэ гэхээр манай арилжааны 15 банк дургүй. Хоёрт, мэдээж улс орны бодлого байна. Тэгэхээр “Нэг бүс, нэг зам” гэдгийнх нь хүрээнд томоохон төслүүд хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр оруулж болно. Жижиглэнгийн салбарт орохгүйгээр. Дээр нь Монголын банкуудад эх үүсвэр дутагдвал зөөлөн эх үүсвэр өгдөг ийм нөхцөлтэйгөөр оруулж бас болно. Энэ талын юм бас яригдаж л байгаа байх гэж бодож байна. Боломжтой зүйл.

АЛТАН БӨГЖ ЗҮҮСЭН ХҮНД ХҮНСНИЙ ТАЛОН ӨГӨӨД БАЙЖ БОЛОХГҮЙ

-Дэлхийн эдийн засаг ирэх жилүүдэд хямралтай байна гэсэн мэдээллүүд гадны хэвлэлүүдэд гарч байна. Та 2020 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хаа сайгүй л бичээд эхэллээ, глобал бууралт гээд. Эдийн засаг мөчлөгтэй. Орчил гээд эргэлддэг юм байлаа гэхэд өрнөл, бууралт, хямрал гээд эргэлдэж байдаг. Сүүлийн хэдэн жил дандаа өргөжилтийнхөө шатанд явлаа л даа. АНУ-ыг хар. Эдийн засаг нь харьцангуй гайгүй, нэмэх өсөлттэй байна. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр нь үлдээсэн. Энэ чинь харзнаж байна гэсэн үг. Нийт эдийн засгийн бууралтын шинж тэмдгүүд. Хятад анх удаа эдийн засгийн өсөлт нь 6 хувь гарсан. Зарим улс орнуудад хасах өсөлт гарлаа. Бид анзаарахгүй л байгаа болохоос Монголд ч сая гуравдугаар улирлын бодит өсөлтийг аваад үзвэл бараг хасах өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай өсөлт бас буурч байгаа. Энэ бүхэн юу харуулж байна вэ гэхээр дэлхий ээлжит нэг мөчлөг рүүгээ орох гэж байна. Тэрийг бууралтын мөчлөг гэж нэрлэдэг. Санхүүгийн байгууллагууд, улс орнууд, Засгийн газрууд, банкууд үүнд бэлддэг.

-Тухайлбал, ямар байдлаар бэлддэг вэ?

-Янз янзын бодлогын хариу урвалаараа. Жишээлбэл, АНУ Холбооны нөөцийн сан бодлогын хувиа хамаагүй нэмэхгүй байна. Эдийн засаг нь харьцангуй сайн, нэмэх өсөлттэй байна. Хоёр улирал дараалан хасах өсөлттэй гараад ирвэл жишээ нь бодлогын хүүгээ бууруулаад, эдийн засгаа идэвхжүүлэх, өрхийнхөө худалдан авалтыг нэмэгдүүлэх, хүмүүсийн хөрөнгө оруулах сонирхлыг нь нэмэгдүүлэх бодлого барина. Улс орнууд, олон улсын хэмжээнд ч ийм л бодлого явуулдаг. Монгол Улсын хувьд ч одоо “хахир өвөл” гэдэг юм уу, дэлхийн эдийн засгийн бууралт, тэр тусмаа манай түүхий эдийн орчил гэдэг юм жаахан доошлох хандлагатай. Хятад манай гол худалдан авагч. 2020 онд нүүрсний худалдан авах үнэ нь буурах хандлагатай байна. Тэгэхээр манай нүүрсний экспорт багасна, түүнийг дагаад манайд орж ирэх валют багасна. Валютын нөөц багасна. Бид валютын нөөцөөрөө импортоо худалдан авдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн үг. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн, өрхүүд хангадаг. Өрхүүд сайн худалдан авалт хийж байвал эрэлт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт сайн хийж байвал эдийн засгийн эрэлт нэмэгдэнэ. Эдийн засгийн эрэлт нийлүүлэлт, нөгөө талд нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, жижиглэн худалдаа байвал сайн. Энэ талын бодлого л хэрэгтэй байгаа юм.

-Дэлхийн эдийн засгийн өөрчлөлт манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

-Хуучин АНУ найтаахад дэлхийн үлдсэн хэсэг ханиад хүрдэг гэсэн үг байсан. Одоо бол АНУ, Хятад найтаахад, Монголын хувьд бол Хятад найтаахад Монгол ханиад хүрнэ гээд л ойлгочих (инээв.сурв).

-Бид үүнд ямар бэлтгэлтэй байвал эдийн засгийн нөхцөл байдлаа дордуулахгүй байх вэ?

-Би сая хэллээ. Нэгд, мөнгө гаргахгүйгээр эдийн засгийн өсөлт, бизнесийнхээ идэвхжлийг хадгалах гээд зөндөө зүйл байна. Тухайлбал, бизнесийнхээ орчны шинэтгэлийг хий. Хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөөг хангаж өг өө. Янз янзын хүнд суртал, хүлээс, зохицуулалт, дүрэм журмаар битгий баглаж боогоод бай. Их хурал дээр зөрчил гээд ярьж байна. Зөрчлийн хуулиар хүнийг нэг алхахад нь торгох гээд байдгаа болио, сануулж бай. Хүн хэлээрээ мал хөлөөрөө явдаг болохоос нэг алхахад нь та гурав алхлаа гээд шоронд суулгаад байж болохгүй биз дээ. Энэ мэтчилэн мөнгө гаргахгүйгээр бизнес эрхлэх чөлөөтэй орчин, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нөгөө талаасаа санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, зээлийн хүүгээ зах зээлийн өрсөлдөөний журмаар бууруулах үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Гадна талдаа уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг сайн залах урих хэрэгтэй. Малчдаа татваржуулах, энэ нь малчдад өөрсдөд нь ашигтай болно гэх мэт эдийн засагт нийгмийн реформын шинж чанартай арга хэмжээ авах, миний хэлээд байгаагаар дундаж ангиа л томруулах бодлого явуулж, ядуурлаа багасга. Ингэхийн тулд алтан бөгж зүүсэн хүнд ядуу гээд хүнсний талон өгөөд байж болохгүй. Яг зорилтот бүлэгт, нам харгалзахгүйгээр олгох хэрэгтэй. Монгол Ардын намын үед Монгол Ардын намын ядуучууд, Ардчилсан намын үед Ардчилсан намын ядуучууд гээд гараад байна. Тиймэрхүү тэнэг юмаа болих хэрэгтэй. Хүнийг тэжээврийн сэтгэхүйд оруулж болохгүй. Хүнд боломж л олго.

-2020 онд сонгогчид УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавина. Та ямар “дүн” тавих вэ?

-Хэрээрээр л хичээж байх шиг байна. Утаа гайгүй болоод байх шиг байна. Юм хийгээд байх хэрэгтэй л дээ. Ер нь хийж байгаа нь сэтгэлд хүрэхгүй байгаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэж. Ямар ч байсан нийгэмд шударга ёс тогтоочих гээд янз янзаар их үзэж байна. Гэхдээ манай улс төрийн бүтэц маань бас болоогүй байна, тийм ээ. Сонгуулийнхаа хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хэсэг бүлэгт биш, хууль засагладаг нөхцөл, шүүх, прокурор талд реформ хийх хэрэгтэй. Сая Үндсэн хуулийн өөрчлөлт гээд юмнууд хийгдэж байна. Иймэрхүү зүйлүүдийг их тууштай, шийдэмгий далайцтай хийх асуудлыг л цаашдаа анхаарах ёстой.

Хариулт үлдээх

Your email address will not be published.