Сүм хийд, шашны байгууллагуудад “хориг” тавилаа
2020 оны 2 сарын 12

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож хөл хорио тогтоогоод буй. Түүнчлэн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж кинотеатруудыг хааж, 04:00 цаг хүртэл ажилладаг бар, ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллахаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан билээ. Нэгдүгээр сарын 28-ны өдрөөс нийслэлийн хэмжээнд дагаж мөрдсөн уг журмыг зөрчсөн зарим аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж, хариуцлага тооцсон байна.Мөн сар шинийн баярыг угтсан хяналт шалгалтын хүрээнд зах худалдааны төвүүд болон согтууруулах ундааны газрууд, хүнсний үйлдвэр үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж зөрчил гаргасан 35 аж ахуй нэгж, 74 иргэнд 47 сая 950 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Харин Гандантэгчинлэн хийдээс сар шинийн баяраар уламжлал ёсоор ном хурах үйл ажиллагаа зохион байгуулна гэх байр суурийг илэрхийлжээ. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шашны байгууллагуудад хяналт тавьж, олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шашны байгууллагуудыг нэг дор олон хүн цугларах өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэсэн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.